Мацгийн хууль

Мацгийн хууль

Их Эзэн бидэнд “ядуус хийгээд гачигдагсдыг харж хандаж, мөн тэд зовохгүй байхын тулд тэдэнд тайвшралыг өгөгтүн.”1 хэмээн тушаасан. Ерөнхийлөгч Монсон бид бүхэнд: “Жинхэнэ мацгийн зарчмыг санаарай. Энэ нь өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж,
өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу? [Исаиа 58:7-г үзнэ үү] гэж заажээ. Мацгийн өргөлийг шударгаар болон өгөөмрөөр өргөснөөр бид энэ онцгой хуулийг мэддэг мөн дагадаг гэдгийг Тэнгэрлэг Эцэгт үзүүлэх болно.”2

Сүмийн гишүүн бололн удирдагчийн хувьд “мацгийн хуулийн дагуу амьдрахын ач холбогдлыг ариун ёслолын цуглаан, санваартны хурал, Халамжийн Нийгэмлэгийн болон бусад туслах бүлгүүдийн хурал цуглаан, гэрийн болон айлчлагч багш түүнчлэн ариун сүмийн эрхийн бичиг олгох ярилцлага, аравны нэгийн тайлангийн хэлэлцүүлгүүд дээр заадаг байх хэрэгтэй”3 –г бидэнд байнга сануулж, мөн зааж байдаг.

Итгэлээ онцгой байдлаар хүчирхэгжүүлэхээр эсвэл зовлон зүдгүүр хийгээд сорилттой учирсан үедээ сүмийн гишүүд хэдийд ч мацаг барьж болох бөгөөд тусламж хэрэгтэй байгаа хэн нэгний төлөө мацаг барин залбирч, мөн мацгийн Ням гарагт сард нэг удаа тогтмол мацаг барихаар урамшуулагдсан юм. Энэ өдөр бид хорин дөрвөн цагийн турш юу ч идэж уудаггүй. Бид бие махбодын хувьд боломжтой үедээ мацаг барьж, залбирч, мөн мацгийн болон гэрчлэлийн цуглаан дээрээ сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ хэлдэг. Бид мөн Тэнгэрлэг Эцэгтэйгээ харьцаж, ядууст болон гачигдагсдад туслахын тулд мацгийн өргөлийг өгөөмөр өгдөг билээ. Бид хамгийн багадаа л мацаг бариагүй үедээ хоол хүнсэндээ зарцуулах байсан үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгийг мацгийн өргөлд зориулах ёстой. Ерөнхийдөө сар бүрийн эхний Ням гараг нь мацгийн Ням гараг байхаар тогтсон байдаг.

Мацаг барилт нь ямагт залбиралтай холбоотой байдгийг бид судар дээрээс сурах эсвээс энэ талаар заалгасан байдаг. Мацаг барих нь зөвхөн идэхгүй эсвэл уухгүй байхаас илүү юм. Бид зүрх сэтгэл, оюун санаа мөн дуу хоолойгоо өргөж Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаж байх ёстой. Даруу байдлын залбиралтайгаар мацаг барих үед бидний мацаг барилт Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт хүлээн авах боломжийг бидэнд өгч мөн уруу таталтын эсрэг биднийг хүчирхэгжүүлдэг..Мацаг барих бүрт гэрчлэлүүд маань өсөж мөн сул талууд болон шунал тачаалуудаа илүүтэйгээр хянах хүчтэй болдог юм. Зөв шударга залбирлууд болон гуйлтууд маань биднийг залбирах үед ихэнхдээ илүү хүчирхэг болдог. 

Бид мацаг барьж байхдаа мэдээж өлсөх мэдрэмжтэй тулгарна. Хэдий тийм ч бид чухамдаа өөрсдийгөө өлсгөлөн болон гачигдагсдын оронд тавиад үзвэл тэдний мэдрээд байгаа гачигдахын зовлонг илүү ихээр ойлгох болно. Тэгсэнээр өлсөхийг мэдрэх тэрхүү мэдрэмж маань хайр болон талархлыг мэдрэх мэдрэмжээр өөрчлөгддөг. Бид бишопдоо бусдын зовлон бэрхшээлийг хөнгөлөхөөр өргөл өгөхдөө зөвхөн бусдын төлөө ямар нэгэн сайхан зүйл хийгээд зогсохгүй мөн өөрсдийнхөө төлөө гайхамшигтай зүйлийг хийдэг юм. Энэ нь хаан Бенжамины хэлсэнчлэн бид “‘өдрөөс өдөрт нүглүүдийнхээ ангижралыг хадгалан үлдэхийн төлөө … ядуустай хөрөнгөө хуваалцаасай.”4

Бишоп Дийн М.Дэйвийс 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр: “Мацгийн хууль нь Сүмийн бүх гишүүдэд хамаатай. Бяцхан хүүхдүүдэд ч гэсэн, тэднийг ухаан сууж, бие махбодын хувьд уг хуулийг дагаж чадахуйц болоход нь эхлээд нэг, дараа нь хоёр хоол өгөхгүйгээр мацаг хэрхэн барихад сургаж болно. Эхнэр нөхрүүд, ганц бие гишүүд, өсвөр үеийнхэн болон хүүхдүүд амьдралд нь өгөгдсөн адислалууддаа талархаж, мацаг барих хугацаандаа Их Эзэний адислалуудыг эрэлхийлэн, хүч чадлыг өгөх болтугай хэмээн гуйж залбиран мацгаа эхлэх ёстой. Мацгийн өргөлийг Их Эзэний төлөөлөгч болох бишоптоо өгснөөр мацгийн хуулийг бүрэн хэрэгжсэнд тооцно”5 гэж заасан.

Ариун нандин үүрэг хариуцлагынх нь хувьд мацгийн өргөлийг цуглуулж болох бүх газраас нь цуглуулахыг Аароны санваарын гишүүдээс хүссэн байдаг. Энэ нь ариун нандин үүрэг хариуцлагад оролцож мөн үүнийг гүйцэтгэсэн залуу эрэгтэйчүүдэд адислалуудыг авчирдаг байна. Бишоп Дийн М.Дэйвийс үргэлжлүүлэн: “Aароны санваартнууд та нар санваарын үүрэг хариуцлагаа эрхэмлэн биелүүлж, энэхүү боломжийг Сүмийн бүх гишүүнд олгосноор мацаг барилтаар ирэх амлагдсан адислалуудыг хамгийн их хэрэгтэй хүмүүст нь ойртуулж өгдөг билээ. Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлахын жинхэнэ утга учир нь хатуурсан зүрхийг зөөлрүүлж, Сүмд тогтмол явдаггүй хүмүүсийн амьдралыг нь адислах хүчтэйг гэрчлэх болно”6 гэж заажээ.

Их Эзэн Израилын шүүгчид болох бишопуудад, Сүмийн гишүүдэд мацгийн өргөлийн тусламжийг үзүүлэх ариун нандин үүрэг хариуцлагыг итгэмжилсэн. Бишопууд мацгийн өргөлийг болгоомжтойгоор ашиглан гишүүдийн материаллаг болон сүнслэг хэрэгцээнд түр зуурын дэмжлэг болоход, гэр бүлийнхэн болоод олон нийтийн нэмэлт нөөц боломжуудыг өргөжүүлэхэд тусална.7 Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлснээр мөн Халамжийн Нийгэмлэгийн болон Мелкизедек санваарын чуулгын удирдагчдын дэмжлэгтэйгээр ядууст болон гачигдагсдад тусламж үзүүлэхдээ амьдралын хэв маягийг бус, харин амьдралыг тэтгэхэд зориулагддаг8 эд хэрэгсэл хийгээд ажиллах боломжуудаар хангадаг билээ. Эдгээр зарчмууд нь ядуус болон гачигдагсдыг бие даах чадвартай болгох арга замын дагуу ахиж дэвжихэд туслах болно.

Олон жилийн өмнө бишопоор үйлчилж байхад минь мацгийн хууль надад дараах зарчмууд болон адислалуудын талаар сурч авахад тусалсанд би талархдаг:

  1. Хөрвөлтөө гүнзгийрүүлэхийн тулд хийдэг зүйлсийн адилаар би гэрчлэл болон энэ хуулиар амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд мацгийн хуулийн дагуу итгэлтэйгээр амьдрах хэрэгтэй.

  2. Их Эзэн Өөрийн хүмүүсийг адислаж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх арга замуудаар тэднийг хангахын тулд мацгийн өргөл болон мацгийн хуулийг бий болгосон гэдгийг би ухаардаг.9

  3. Мацгийн өдөр гэдэг нь дараалсан хоёр хоол идэж, уухгүйгээр 24 цаг байж, мацгийн болон гэрчлэлийн цуглаанд оролцон, идэх байсан хоол хүнстэйгээ тэнцэх мацгийн өргөл өгөхийг хэлдэг гэдгийг би сурсан. Хэрэв боломжтой бол би өгөөмрөөр хандивлаж, илүүг өгөх ёстой.10

  4. Мацгийн хууль нь Сүмийн бүх гишүүдэд (тэдний эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран) итгэл хийгээд хөрвүүлэлтийнх нь дагуу хэрэгждэг гэдгийг би ойлгосон.

  5. Мацгийн хуультай холбоотой адислалуудад [даруу байдлаар] Их Эзэнд ойртох, [зовлон зүдгүүр хийгээд сорилтуудаа тэвчиж гарах] сүнслэг хүч чадал, [илүү бие даах чадвартай болох] амьдралын сайн сайхан байдал, [дотны хүмүүстээ хандсан] өрөвч зөөлөн сэтгэл, [мөн бусдад] үйлчлэх чин хүсэл багтдагийг туршлагаараа суралцсан билээ.11

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли нэг удаа ингэж асуужээ, “Хэрэв мацгийн өдөр болон мацгийн өргөлийн зарчим нь дэлхий даяар мөрдөгддөг байсан бол юу болох вэ[?] Өлсгөлөн хүмүүсийг хооллож ундлан, нүцгэн нэгнүүдийг хувцастай болгож мөн гэр оронгүй хүмүүс оромжтой болох байлаа. … Бусдад санаа тавих болон хувиа үл хичээх байдлын шинэ хэмжүүр хаа сайгүй хүмүүсийн зүрх сэтгэлд өсөх байсан.”12

Сүмийн бүх гишүүд мацгийн хуулийг чандлан мөрдөж, өгөөмрөөр мацгийн өргөлөө өгвөл ядуус болон гачигдагсдыг халамжлах хангалттай сантай болж, мөн бид мацгийн хуулиар амлагдсан агуу адислалуудыг хүлээн авна.

Энэ олон жилийн турш би мацгийн хуулийн дагуу амьдарч, “би тэнгэрийн цонхнуудыг нээж, мөн та нарын дээр адислалыг цутгах”13 болно хэмээх энэ хуультай холбоотой Их Эзэнээр амлагдсан адислалуудыг хүлээн авсандаа талархдаг. Би мацгийн хуулиар итгэлтэйгээр амьдарч байгаа хүмүүс энэ ариун хуультай холбоотой баялаг адислалуудыг олж мэдэх болно гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, aмен.