Институтын ангийн төгсөгч Э.Тулгa

Институтын ангийн төгсөгч Э.Тулгa

Институт, семинар гишүүдийн амьдралд

Семинарын ангийн төгсөгч

Э. Цолмонгийн гэрчлэл

Би сүмд өнгөрүүлсэн есөн жилээ семинаргүйгээр төсөөлж чадахгүй. Семинарт суралцсан дөрвөн жилийн хугацаа надад Бурханы сургаалийн үнэ цэнийг ойлгуулж, сургаальд хандах хандлагыг минь өөрчилсөн. Нэгэн үе би тойргынхоо семинарын ангийн цорын ганц суралцагч байсан.  Ганцхан миний төлөө санваартан ах нар өглөө бүр машинаараа хүргэн өгч, сүмийн байр нээж, семинарын багш маань гайхалтай хичээл бэлдэн заадаг байсан. Мөн халамжийн нийгэмлэгийн эгч нар багш бид хоёрт өглөөний унд бэлтгэж авчирдаг байлаа. Яагаад семинарын ганц оюутны төлөө эдгээр ах эгч нар ийм их золиослол, үйлчлэл хийж байгаа юм бол гэж бодох үедээ би судрын үнэ цэнэ, цаашлаад сургаалийн үнэ цэнэ миний төсөөлж чадахаас хэд дахин их гэдгийг ойлгох шиг болсон. Семинарын анги гайхалтай бөгөөд Христийн зан чанаруудыг хөгжүүлж, сургаальд гүн хөрвөгдөх боломжийг бидэнд олгодог. Мөн би семинарт суухдаа хэзээ ч ганцаараа байдаггүйгээ мэдсэн. Бас олон сайн найзуудтай болж, хамтдаа судраас судлах нь миний хувьд том адислал байсан. Семинарын хөтөлбөрийг дуусгаж чадсандаа баяртай байгаа бөгөөд чин сэтгэлээ зориулан үйлчилдэг бүх ах эгч нартаа талархал илэрхийлж байна. Бурханы сургааль агуу бөгөөд бидний зүрх сэтгэлийг өөрчлөх хүчтэйг би семинарт суралцах үедээ мэдэрсэн. Мөн Аврагчийн хийсэн Цагаатгал бидний амьдрал дахь бүх зүйлд нөлөөлдөг гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, Амен.

Институтын ангийн төгсөгч

Э.Тулгын гэрчлэл

Институт миний амьдралыг дараах таван арга замаар адисласан. Тэдгээр нь:

  1. Номлолын минь хамгийн бат бөх суурь институт байсан юм. Номлол хийхэд шаардлагатай байсан бүхий л мэдлэг, гэрчлэлийг би институтээс олж авсан. Институтэд суулгүйгээр номлолд гарсан бол би номлолоо амжилттай хийж чадахгүй байсан гэж боддог. 
  2. Зөв зохистой , адилхан жишигтэй, хөгжилтэй найзуудаа би институтаас олсон. Хамтдаа хийдэг байсан институтын үйл ажиллагаанууд биднийг илүү дотно болгосон бөгөөд тэд бол миний мөнхийн найзууд гэдэгт итгэдэг. 
  3. Хийсэн алдаа дутагдлаа институтэд суух үедээ сайтар ойлгож, илүү цэвэр ариун байх хүсэлтэй болдог. Бүрэн дүүрэн наманчилж, сургаальд илүү гүн хөрвөгдөхөд Бурханы үг л бидэнд тусладаг. 
  4. Тухайн үед манай институтын ангийн дарга байсан охин одоо миний эхнэр болсон юм. Үзэсгэлэнтэй эхнэрээ би институтээс л олсон. 
  5. Би институтэд явснаараа ариун сүмд ороход өөрийгөө бэлтгэж чадсан.  Эхнэр бид хоёр  Хонг Конгийн ариун сүмд мөнхийн гэрлэлтээ хийх боломжоор адислагдсан юм.

Институт бидний амьдралыг адисладаг гэдгийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, Амен.