YSA 2014

YSA 2014

Өнгөрсөн 2014 оны 8-р сарын 26-30-ны хооронд Булган аймгийн Хялганатад жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг 18-30 насны ганц бие залуу насанд хүрэгчдийн чуулган амжилттай болж өнгөрлөө.  Уг чуулганаар УБ Баруун Гадас, УБ Зүүн Дүүрэг, УБ Дархан Дүүргийн нийт 230 орчим залуус  оролцов.

Галт тэрэг, микро автобус хөлөглөн Улаанбаатар хотоос 400 км-ийн зайд Их Эзэний Ариун Сүнсийг илүү ихээр мэдэрч, сүнслэг удирдамж хүлээн авахын тулд байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулсан уг чуулганаар буухиа тоглоом, болзооны тухай, хувийн өсөлт хөгжлийн тухай сүнслэг хичээлүүд, АХА тэмцээн, хүчит бөхийн барилдаан, загварын шоу гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаанууд явагдаж залуу насанд хүрэгчдийг сайн найзууд болж, нөхөрлөхөд тусалсан юм.

Энэ жилийн үйл ажиллагааны онцлог гэвэл Бригам Янгийн Хавайн их сургуулийн төгсөгчид анх удаа уг үйл ажиллааг зохион байгуулсан ба загварын шоуг анх удаа эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан нь их онцлог болов. Мөн Монгол улсын хамгийн анхны сүмийн гишүүн, ерөнхийлөгч Энхтүвшин ах зурагчнаар явж олон гайхалтай зургуудыг авч залуучуудад үйлчил хийн үлгэр дуурайлал үзүүллээ. Энэ удаагийн сүнслэг хичээлүүдийг хувь хүний өсөлт дэвшилт дээр илүүтэй төвлөрүүлэн Бригам Янгийн Хавайн болон Провогийн Их сургуулийн төгсөгч нар заав. Ингэхдээ “Хувийн санхүү”, “Боловсрол”, “Энхийг сахиулагч”, “Сайн сайхан амьдрахуй” болон “Хувийн зорилго” гэх зэрэг сэдвүүдийг хамарсан юм.

АХА тэмцээний хувьд залуучууд идэвхтэй оролцсоноос саяхан Монгол УБ бүрэн цагийн номлолд үйлчлээд ирсэн Хан-Уул тойргийн гишүүн Тулга ах түрүүлэв. Хоёр дахь орой болсон загварын шоу олон хүний залуусын сэтгэлийг хөдөлгөсөн нь гарцаагүй.

Сүүлийн өдөр болсон хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх барилдсанаас тун удахгүй Монгол УБ номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа Эрдэнэт салбарын гишүүн Мөнхболд ах түрүүлж сүмийн Аварга цолыг анх удаа хүртсэн юм.

Уг чуулганы үеэр залуучууд маань өглөө бүр 7 цагт босч, хамтдаа 30 минутын турш судраас суралцаж, өдрийн турш бүхий л үйл ажиллагаануудад дуулгавартайгаар, сахилга баттайгаар, идэвхтэй оролцож байсан нь уг чуулганы үеэр арын албанд үйлчилж байсан сүмийн гишүүн бус хүмүүст үлгэр жишээ болсон.  Нэгэн сүмийн гишүүн бус хүн хэлэхдээ, “Ийм ид үедээ явж буй залуучууд нэг дор цуглаад дуулгавартайгаар, ямар ч асуудалгүйгээр, ийм сайхан үйл ажиллагаа хийж байгаад гайхаж байна. Би амьдралдаа ийм сайхан чуулганыг үзэж байсангүй” гэсэн юм.

УБ Зүүн Дүүргийн Ерөнхийлөгчийн 1-р зөвлөх Энхбат ахаар удирдуулсан гал тогооны арын албанд гэр бүлтэй болон 30-аас дээш насны ах, эгч нар үйлчлэл хийн 18-30 насны залуучуудын чуулганыг амжилттай мөн илүү амттай болгоход туслан өглөө бүр бүгдээс түрүүнд эртлэн босч байсныг энд дурдахгүй бол болохгүй байх. Амттай сайхан хоол, ундгүйгээр амжилттай чуулган хийх аргагүй.

Эцэст нь , энэ бол сүнслэг байдлын, итгэлийн мөн эр зоригийн чуулган байлаа. Энэхүү чуулганы үр жимс нь мөнхийн гэр бүл, мөнхийн өсөлт дэвшил байж, 18-30 насны ганц бие залуучууд маань өсч хөгжин, өөрдсийн зорилгодоо хүрэх болтугай. Их Эзэний хайр энэхүү өдрүүдэд энд цугласан бүхий л залуучуудын дээр байж, ирсэн хүн бүрийн зүрх сэтгэлд нэгэн мартагдашгүй дурсамжийг үлдээсэн болов уу.