Эв нэгдэлтэй байж аврах нь

Эв нэгдэлтэй байж аврах нь

Бошиглогч Томас С.Монсон биднийг бусдад тусламжийн гараа сунгаж, бусдыг аврахад урих үед Шинэ Гэрээний нэгэн түүх миний санаанд орж ирсэн юм. Минй бодлоор энэ түүх нь бусдад тусалж, тэднийг аврахдаа гишүүд болон номлогчид тойргийн зөвлөлөөрөө эв нэгдэлтэй байж, хэрхэн хамтарч ажиллаж чадахыг харуулсан төгс жишээ юм. Бид энэ түүхийг Марк 2: 1-5 дахь шүлгэн дээрээс олж болно.

Есүс Капернаумд байсан бөгөөд тэр үед түүний нэр алдаршин түгж байсан учир хүмүүс түүнийг харахаар маш олноороо цугларчээ. Хүмүүс ийнхүү цугларсан учраас өрөө пиг хүнтэй байв. Есүс энэ хүмүүст заах боломжийг ашигласан юм.

Есүсийн тодорхой сургаалууд буюу зарчмуудыг бидэнд заахаар ашигласан түүхүүд нь үргэлж зорилготой байдгийг би олж мэдсэн билээ. Энэ түүхэнд, бусдын тусламжгүйгээр хөдөлж чаддаггүй, саа өвчтэй нэгэн хүн байв. Хаа нэгтээ байх гэртээ тэр тусламж харан хүлээхээс өөр аргагүй байдаг байлаа. Түүний гэр арын гудамжны тусгаарласан нэгэн буланд байсан ч байж магад. Тэр дөрвөн хүнээр дамнуулан Есүсийн байсан газарт ирэв.

Энэ дөрвөн хүн тэр саа өвчтэй хүнийд гэрийн багшаар очсоноор би энэ үйл явдлыг төсөөлөн харж байна. Тэд бишопынхоо өгсөн даалгаврыг биелүүлж байв. Хамгийн сүүлийн тойргийн зөвлөлийн хурлаар тодорхой хэдэн хүний хэрэгцээний талаар хамтдаа зөвлөлдсөний дараа бишоп нь “Аврах” даалгавар өгсөн учраас Халамжийн Нийгэмлэг, Ахлагчдын чуулга, Аароны санваартан тус бүрээс нэг нэг хүн, мөн бүрэн цагийн нэг номлогч ирж байгаагаар би төсөөлөн бодсон юм. Сайхь дөрөв саа өвчтэй энэ хүнд туслах даалгавар авчээ. Түүнийг сүмд өөрөө хүрч иртэл нь тэд хүлээх боломжгүй байсан тул гэрт нь очих хэрэгтэй байв. Тэр дөрөв өвчтөнийг хайж олохоор яваад, түүнийг олжээ. Тэд тэр хүнийг Есүс дээр авч ирэв. --- Марк 2:3 “Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ.”

Гэтэл өрөө багтахгүй олон хүнтэй байлаа. Тэд хаалгаар орж чадсангүй. Тун их хичээсэн боловч тэд орж чадаагүй гэдэгт би итгэлтэй байна. Төлөвлөсний дагуу бүх зүйл сайхан болсонгүй. Тэдний “Аврах” замд саад бэрхшээл тохиолдов. Гэсэн хэдий ч тэд бууж өгсөнгүй, саа өвчтөнийг ч хаалган дээр үлдээгээд явсангүй. Дараа нь юу хийх талаараа мөн энэ хүнийг эдгээхийн тулд Есүс Христ дээр хэрхэн авчирч болох талаар тэд хамтдаа зөвлөлдөв. Бодгалиудыг аврахад Есүс Христэд туслах ажил тэдний хувьд хэзээ ч хэрээс хэтэрсэн зүйл байгаагүй юм. Тэд хялбар биш нэгэн төлөвлөгөө гаргаад, тэр төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэв. --- Марк 2:4 “Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав.”

Тэд түүнийг дээвэр дээр гаргав. Тэдэнд авирах гадна шат байгаагүй гэж үзвэл бүгдээрээ дээвэр дээр гарахад хэсэг хугацаа шаардагдсан нь ойлгомжтой. Тойргийнх нь залуу эрэгтэй дээвэр рүү түрүүлж авирснаар үүнийг хийх боломжтой болсон гэж надад бодогдож байна. Залуу, эрч хүчээр дүүрэн учир түүний хувьд энэ нь тийм ч хэцүү байгаагүй биз ээ. Ахлагчдын чуулгын гэрийн багшийн ахлах хамтрагч болон Нэгдсэн Улсаас ирсэн бүрэн цагийн нуруулаг номлогч хоёр түүнийг дороос нь маш шаргуу түлхсэн байх. Халамжийн Нийгэмлэгийн эгч нь тэдэнд болгоомжтой байхыг сануулж, урмын үг өгч байсан байх. Саа өвчтөн эдгэрч -- өөрөө хөдөлж, эрх чөлөөтэй болох боломжоо хүлээж байх үед эгч түүнийг тайвшруулж, эрэгтэйчүүд нь дээврийг хуулж байв.

Энэхүү аврах даалгаврыг биелүүлэхэд хүн бүр хамтран ажиллах хэрэгтэй. Энэхүү чухал цаг мөчид саа өвчтөнийг дээврээс буулгахад анхаарал болгоомжтой зохицуулалт хэрэгтэй. Дөрвөн хүнд эв нэгдэл болон төгс зохицолтой ажиллах нарийн зохион байгуулалт хэрэгтэй байв. Тэр дөрвөн хүний дунд ямар ч үл ойлголцол байж болохгүй юм. Тэд өвчтөнийг ижил хурдаар  буулгах ёстой байлаа. Хэрэв нэг нь олсыг нөгөө гурваасаа илүү хурдан тавибал нөгөө хүн дэвсгэрээсээ унах байв. Тэрээр саа өвчнийхөө улмаас дэвсгэрээсээ барьж чадахгүй байсан. Христэд туслахын тулд бид хамдтаа эв нэгдэлтэй, төгс зохицон хамтран ажиллах ёстой. Хүн нэг бүр, алба болгон, дуудлага бүхэн чухал билээ. Бид Их Эзэн, Есүс Христийн дор нэгдмэл байх ёстой юм. 

Эцэст нь саа өвчтөнийг Есүсийн өмнө тавив. --- Марк 2:5: “Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд - Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв.” Есүс түүнд энэрлээ үзүүлэн, түүнийг эдгээсэн. Зөвхөн бие махбодыг нь эдгээгээд зогсохгүй бас сүнсийг нь эдгээсэн юм. --- “Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан.” Энэ гайхамшигтай биш гэж үү? Энэ нь бид бүгдэд ч бас тохиолдохыг бид хүсэхгүй байх байсан гэж үү? Мэдээж, би үүнийг хүсэх байсан.  

Сүнслэг байдлын саа өвчинтэй тэмцэж байгаа, сүмдээ өөрөө эргэн ирж чадахгүй болсон хэн нэгнийг бид мэддэг үү? Тэр эрэгтэй эсвэл эмэгтэй нь танай хамаатан садан, найз нөхөд эсвэл танай хүүхдүүд болон эцэг эхийн тань нэг, бүр эхнэр эсвэл нөхөр тань ч байж болох юм.

Одоо сүмийн нэгж бүрд илүү олон бүрэн цагийн номлогч байх болсон тул бишоп болон салбарын ерөнхийлөгчид тойрог болон салбарын зөвлөлүүдээ илүү сайн ашиглах нь ухаалаг хэрэг билээ. Бишоп тойргийн зөвлөлийн бүх гишүүнээ тусламж хэрэгтэй хүний нэрсийн жагсаалттай ирэхэд урьж болно. Тойргийн зөвлөлийн гишүүд хамгийн сайнаараа хэрхэн тусалж чадах талаар хамтдаа сайтар зөвлөлдөж болно. Бишопууд санаануудыг анхааралтай сонсож, төгсгөлд нь үүрэг даалгавар өгдөг. Бүрэн цагийн номлогчид нь эдгээр аврах хүчин чармайлтад тойргуудын хувьд агуу эх сурвалж болж чадна. Тэд залуу бөгөөд эрч хүчээр дүүрэн. Мөн ажиллах тодорхой нэрсийн жагсаалттай болохдоо баяртай байдаг. Түүнчлэн тойргийн гишүүдтэй хамт ажиллахдаа ч баяртай байх болно. “Олох”нь тэдний хувьд агуу боломж гэдгийг тэд мэддэг. Тэд Их Эзэний хаант улсыг байгуулахад бүх зүйлээ зориулж байдаг билээ. Тэд эдгээр аврах хүчин чармайлтад оролцсоноороо Христтэй илүү адил байх хүчтэй гэрчлэлтэй болно.

Төгсгөлд нь би эдгээр сударт гардаг нэгэн нуугдсан эрдэнэсийг та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. “Есүс ТЭДНИЙ итгэлийг хараад” гэж 5-р шүлэг дээр байдаг. Би ТЭДНИЙ итгэл гэснийг урьд нь анзаараагүй байжээ. Бидний нэгдсэн итгэл нь бусдын сайн сайханд мөн адил нөлөөлөх болно. Есүсийн дурдсан тэдгээр хүн нь хэн хэн байсан бэ? Энэ нь саа өвчтэй хүнийг авчирсан дөрвөн хүн, саа өвчтэй хүн өөрөө, түүний төлөө залбирсан  хүмүүс болон Есүсийн номлолыг сонсож байсан мөн тун удахгүй ирэх гайхамшгийн төлөө зүрх сэтгэлдээ чимээгүй баясаж байсан тэр бүх хүнийг хамаардаг. Үүнд мөн эхнэр нөхөр, эцэг эх, хүү эсвэл охин, номлогч, чуулгын ерөнхийлөгч, халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, бишоп болон холын найзыг багтааж болох юм. Бид бүгд нэг нэгэндээ тусалж чадна. Бид гачигдалтай байгаа хүмүүсийг аврахаар эрж хайх ажилд үргэлж оролцох хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.

Есүс Христ бол гайхамшгуудын Бурхан гэдгийг би гэрчилж байна. Тэрээр бид бүгдийг хайрладаг бөгөөд бие махбод болон сүнслэг байдлын хувьд аль алиныг нь аварч мөн эдгээх хүчтэй. Бид Түүнд бодгалиудыг аврах зорилгод нь тусалснаар бид ч бас явцын дунд аврагдах болно. Би Есүс Христийн нэрээр ийнхүү гэрчилж байна, амен.■