Хожмын Үеийн Гэгээнтний гэрчлэл

Хожмын Үеийн Гэгээнтний гэрчлэл

Дэлхий даяар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 14-17 насны хүүхдүүд өглөө эрт 5 цагт босч өглөөний семинарт хамрагддаг. Харин би эдгээр хүүхдүүдийн нэг. Намайг Алтаншагай гэдэг бөгөөд 2013 онд семинарын ангийг төгссөн. Гэхдээ номлолд явхаасаа өмнө өөрийгөө илүү сайн бэлдэхийн тулд одоо 5 дахь жилдээ семинарт явж байна.

Анх манай гэр бүл сүмд хөрвүүлэгдэхээс өмнө ээж маань намайг дүү шигээ семинарт явахыг хүссэн юм. Би “Ээжээ би хичээл ихтэй амжихгүй байхаа. Бас би тийм эрт босож чадахгүйшдээ” гэж хэлж билээ. Ээж маань хариуд нь “Миний охин ганц л удаа яваад үз” гэж ятгасан юм. Би дурамчхан зөвшөөрөв. Маргааш нь буюу 2010 оны 1 сарын 15-ны өдрийн өглөө анх удаа семинарт явлаа. Семинарын хичээл эхлэхээс дуусах хүртэл би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй маш сайхан зүйлийг мэдэрч байлаа. Зүрх минь баяраар дүүрч биеэр минь цахилгаан мэт зүйл тасралтгүй гүйж байх шиг санагдсан. Анхны энэ хичээлийн дараа би дахиж семнарт үргэлжлүүлэн явахаар шийдлээ. Ингэж явсаар нэг л мэдэхэд 4 жил өнгөрч диплом авсан. Энэ 4 жилийн хугацаанд миний сурлага огцом сайжирч сургуулийнхаа тэргүүний сурагч болсон. Мөн хамгийн чухал нь манай гэр орон амар амгалан аз жаргалаар үргэлж бялхах болсон юм. Ийм байдлаар Тэнгэрлэг Эцэг судар дээр хэлдэгчлэн адислалыг надад болон манай гэр бүл дээр хальтал асгасан юм. 

Мөн түүнчлэн семинар надад “бид Бурханы зарлигуудыг дагахын хэрээр уг нутагт дэвжих болно” гэсэн энгийн бөгөөд чухал зарчмыг надад заасан бөгөөд энэ нь одоо хүртэл миний амьдралд биелэлээ олсоор байдаг. Жишээ нь: Би сүмдээ идэвхтэй үлдэж мөн номлолд үйлчлэхээр шийдвэрээ гаргаж Тэнгэрлэг Эцэгийн зам дээр бат зогсож үлдсэн юм.

Хамгийн сонирхолтой нь “ганц л удаа явна шүү ээжээ” гэж хэлсэн үг маань миний амьдралыг бүхэлд нь өөрчилж чадсан бөгөөд семинарын анги руу хөтөлсөн. Энэ бол миний амьралын хамгийн зөв шийдвэр байсан юм.

Семинарт идэвхтэй явж төгссөн хэн ч алдагдсан хонь болж төөрөхгүй байх болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.