Сүнслэгээр бие даах нь

Сүнслэгээр бие даах нь

Материаллаг болон сүнслэг байдлын хувьд бие даан, бусдад туслах боломжтой болох үед бидэнд болон эргэн тойрныхонд маань агуу адислалууд ирдэг билээ.

Сүмийн хувьд “бие даасан байдал” нь зөвхөн өөрсдөдөө найдна гэсэн үг биш юм. Үнэндээ энэ нь Их Эзэнд итгэх итгэл болоод Түүнд найдах гэсэн утгатай билээ. Бие даасан байдал гэдэг нь Их Эзэнд ирэх бидний сонголт бөгөөд ингэснээр Тэр бидэнд бусдад туслахад маань тусалж болохын тулд бөлгөө.

2014 оны 10-р сарын Ерөнхий чуулганы ерөнхий эрх мэдэлтнүүдийн сургалтын үеэр Тэргүүн Зөвлөл болоод Арванхоёрын чуулга нь Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс болон сүмийн бүс тус бүрийн Түр хэрэг эрхлэх албаны захирлуудаас бүсүүдийн урт хугацааны бие даасан байдалд бэлтгэж эхлэхийг хүссэн юм. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ба Түр хэрэг эрхлэх албаны захирлаас энэхүү бэлтгэл ажлыг цуглааны байрны нэн чухал хэрэгцээнүүдээс эхлэн бэлтгэхийг хүссэн. Цуглааны байрны нэн чухал хэрэгцээ гэж юу болохыг би тайлбарлая.

Та бүхний мэдэж байгаагаар Азийн бүс маань хүн амын нягтрал их, өргөн уудам газар нутагтай, мөн өөр хоорондоо ялгаатай олон хэсгээс бүрдсэн байдаг. Манай Сүмийн Азийн бүс умардын Монголоос, өмнөдийн Индонез, өрнийн Пакистанаас дорнын Хятадыг хамарсан 22 улс орон, бүс нутгаас бүрддэг. Манай бүсэд хамрагдаж буй эдгээр улс оронд Сүм туршлага хийгээд хөгжлийн хувьд өөр өөр түвшинд байдаг. Түүнчлэн эдгээр улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал нь хоорондоо ихээхэн ялгаатай.

Сүмийн нэгэн бүс болохын хувьд, биднээс аажим аажмаар, удаан хугацаанд бие даан амьдрахад нь нэг нэгэндээ туслахыг хүссэн.

Бие даах чадвар гэдэг нь “өөрийн болон гэр бүлийнхээ сүнслэг ба материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүчин чармайлт бүхий” хувь хүн, гэр бүлүүд юм. Түүнчлэн “гишүүд бие даах чадвартай байвал бусдад илүү сайн үйлчлэх, анхаарал халамж тавих боломжтой болдог.”

Бүсийн урт хугацааны бие даасан байдал нь гадас, дүүргийн бие даасан байдлаас эхэлнэ. Бие даах чадвар бүхий гадас, дүүргүүд нь бие даах чадвартай хувь хүн, гэр бүлүүдээс бүрдэнэ. Бүсийн бие даасан байдал нь түүнчлэн бусад сүнслэг ба материаллаг хэсгүүдийг багтаасан байдаг. Жишээлбэл, Бүсийн урт хугацааны сүнслэг бие даасан байдалд тухайн бүсийн номлогчдын бие даах чадвар, ариун сүм, номлол, бусад удирдлага, ариун сүмийн ажилд зориулсан гэр бүлийн нэрс, түүнчлэн Их Эзэн Өөрийн хүссэн газарт хүмүүсээ үйлчлүүлэхээр дуудах болно гэдгийг хүлээн зөвшөөрөх зэрэг нь багтдаг.

Бүсийн урт хугацааны бие даасан байдал гэдэг нь гишүүддээ тогтмол анхаарал хандуулах гэсэн үг юм. “10 жилийн дараа энэ арга маань ямар байх бол? 20 жилийн дараа ямар байх бол? Энэхүү шийдвэр нь одоо Сүмийн үйл ажиллагаануудад оролцох гишүүдийн цаг, хүч, санхүүгийн байдалд ямар ач холбогдолтой байгаа вэ? хэмээн бид үргэлжлүүлэн асуусаар байх болно.

Бие даасан байдлын шинэ удирдамжийн үр дүнд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл болон Аж ахуйн албаны захирал бүх цуглааны байрын төслийг дахин авч үзэхийг хүссэн. Төсөл бүрийг анхааралтай авч хэлэлцэх болно. Шинэ цуглааны байруудын хэрэгцээнээс шалтгаалаад зарим төсөл өөрчлөгдөж, хойшлогдох, эсвэл бүр цуцлагдаж ч болох юм.

Анхдагч хамтлаг болох бүсүүд

Ерөнхий эрх мэдэлтнүүдийн сургалтан дээр бид Сүмийн бүсүүд нь анхдагч хамтлаг юм гэж мэдэж авсан. Анхдагчид Солт Лэйкийн хөндийг чиглэн, тал нутгийг туулахдаа хамтлаг гэж нэрлэгдсэн хэсгүүдэд хуваагдан, зохион байгуулагдаж байжээ. Сургаал ба Гэрээний 136:3-т “Уг хамтлагууд нь зуутын ахмадууд, тавьтын ахмадууд, мөн аравтын ахмадуудтай, өөрсдийн тэргүүнд ерөнхийлөгч болон хоёр зөвлөхтэйгөөр, Арванхоёр Төлөөлөгчийн удирдлага дор зохион байгуулагддаг” гэсэн байдаг.

Сүмийн бүсүүд нь өнөөдөр ч бас үүний адил арванхоёр төлөөлөгчийн удирдлаган дор томилогдсон гурван ерөнхий эрх мэдэлтнээр удирдагддаг. Анхдагчид бие даах чадварын сүнсээр  өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна бусдад тусалж байсан. Тэдэнтэй адил зүйл хийхийг өнөөдөр биднээс хүсэж байна.

Удирдах зарчмууд

Зарим удирдах зарчим нь өөрсдийн бүс нутгийн хувьд анхдагчид болох бидэнд туслах боломжтой.

  1. Бие даасан байдал—Бүс нутгууд өсөж, дэвжихийн хэрээр улам бүр бие дааж эхэлдэг.

  1. Бусдын хэрэгцээг хангах нь—Өсөж хөгжсөн бүсүүд буурай хөгжилтэй бүсүүддээ үргэлжлүүлэн туслах хэрэгтэй.

  1. Ухаалгаар шүүх—Нөөц баялгаа үр дүнтэй зохицуулахын тулд эрх мэдэл, үүрэг хариуцлагыг ухаалаг шүүлттэй хослуулбал зохино.

Ахлагч М.Рассэлл Баллард “Гэгээнтнүүд бүрэн бие даасан болохын төлөө хичээх үед тэдний амьдрал дахь аливаа зардал багасахаас ч илүү маш онцгой зүйл тохиолддог. … Хүмүүс илүү бие даасан болох үед хувь хүмүүст эсвэл Сүмд ямар нэгэн онцгой зүйл тохиолддог. Тэр хүмүүс өөртөө илүү их итгэлтэй, эерэг бодолтой болж, баталгаатай байдлыг мэдэрдэг бөгөөд тэд энэхүү мэдрэмжүүдээ үйл хэрэгтээ тусгадаг” гэж заажээ.

Үйл хэрэг нь хийж байгаа зүйлээс маань харагдаж байх эдгээр өөртөө итгэх, эерэг, баталгаатай мэдрэмжийг Азийн бүсийн Сүмийн гишүүн бүр мэдрээсэй хэмээн бид найдаж байна.

Цуглааны байрны боломж

Бүсийн урт хугацааны бие даасан байдлын анхны алхам бол цуглааны байр тус бүрийн хэрэглээ, байрлал, зардал, засвар үйлчилгээг хянаж шалгах явдал юм. Өмнөх үзлэг шалгалт нь  цуглааны байруудын хэрэглээг сайжруулж, зардлыг бууруулах бодитой боломж байгааг харуулдаг. Цуглааны байрны хэрэглээний нарийвчилсан шалгалт нь олон жилийн турш аажим аажмаар хэрэгжүүлэх байнгын үйл явцыг шаарддаг.

Цуглааны байранд хийж болох зүйлс

            Бид цуглааны байруудыг шалгахдаа дараах зүйлсийг хийж болно:

  1. Нэг байранд 4 салбар, тойрог цуглахаар нэмж өөрчилж болно (2 эсвэл 3 салбар, тойргийн оронд).

  1. 3 салбар, тойрог ашиглахад бэлэн байгаа үед л цуглааны байрны зураг төсөл, барилгын ажлыг эхэлж болно.

  1. Одоо байгаа байрууд гишүүдээр дүүрэн байх хэрэгтэй.

  1. Урт хугацаагаар байр түрээслэх юм уу, боломжийн байрлалтай газарт баригдсан барилгыг худалдан авч болно.

  1. Цуглааны байруудыг илүү үр дүнтэй ашиглахын тулд Сүм рүү явахад зарцуулах хугацааг зохицуулж болно.

Бид ямар ч тохиолдолд цуглааны байруудыг гишүүдэд аль болох ойр, тухтай байлгахыг хүсдэг. Үүний зэрэгцээ Азийн бүсийн хөгжиж буй орнуудад төдийгүй дэлхийн олон улс оронд  гишүүдэд цуглах байр байхгүй байгааг бид мэдэж байгаа. Сүмийн цуглааны байр аль хэдийн олноор баригдсан хөгжилтэй бүс нутгуудаас хөгжиж байгаа бүсүүдэд Сүмийн гишүүдэд зориулан цуглах газартай болоход нь туслахаар зарим золиослолыг шаардаж магадгүй юм.

Аравны нэгээ итгэлтэй төлснөөс ирэх адислалууд

Бидний аравны нэгийн өргөл нь шүтэн бишрэхээр хамтдаа цуглах цуглааны байруудыг барих, засвар үйлчилгээ хийхэд зориулагддаг. Бид аравны нэгийн хуулийг итгэлтэй дагах буюу аравны нэгээ итгэлтэй төлөх үедээ бүгд адислагддаг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Сүм барилга барих хөрөнгө чинээтэй ч гэсэн хүмүүс Их Эзэний аравны нэгийн хуулийг чандлан сахихаас нааш адислал хүлээн авахгүй” гэжээ.

Мацаг барилт ба мацгийн өргөлийн адислалууд

Бид “ядуус хийгээд гачигдагсдыг харж хандаж, мөн тэд зовохгүй байхын тулд тэднийг хөнгөвчлөхөөр тусламж үзүүлэх ёстой” хэмээн зарлигдуулсан. Мөн бидэнд “Мацгийн хуультай холбоотой адислалуудад Их Эзэнд ойртох, сүнслэг хүч чадал, амьдралын сайн сайхан байдал, өрөвч зөөлөн сэтгэл, үйлчлэх чин хүсэл ордог” гэж хэлсэн билээ.

Их Эзэн өөрөө бидэнд: “Их Эзэн, бибээр өөрийн гарын бүтээл тэнгэрийг асарлаж, мөн дэлхийг бүтээсэн билээ; мөн тэдгээр дэх бүх зүйл минийх болой. Мөн өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой, учир нь бүх зүйл минийх бөлгөө. Харин энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой нь шаардлагатай билээ; … Учир нь дэлхий дүүрэн байна, мөн хангалттай бөгөөд нөөцлөхөөр буй...”хэмээжээ.  

Их Эзэн бүх хүүхдээ сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авах боломжтой байхаар томилсон. Тэрээр түүнчлэн “бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүсийг” “Өөрийн замаар” хэрэгцээтэй сүнслэг болон материаллаг зүйлсээр нь хангахаар зарлигласан.

Үндсэн сургаал өөрчлөгдөхгүй. Гэвч сайн мэдээг бэхжүүлэх хийгээд Сүмийг удирдах арга барил, хэв маяг шинэчлэгдэн өөрчлөгдөнө. Бие даах чадварын зарчмууд нь хязгаарлагдмал материаллаг нөөц баялгаас хамаарах хамаарлыг багасгаснаар сүнслэг нөөц баялгийг нэмэгдүүлдэг. Бие даах чадварын хөтөлбөрийн удирдлагад цуглааны байруудын нэн чухал хэрэгцээнээс эхлэн тохиромжтой шинэчлэл хийгдэж байх үед байнгын сүнслэг нөлөө, илчлэлт нь сургаал болон сүнслэг үйлчлэлийн нэгдмэл байдлыг хадгалах болно.

Азийн бүсийн урт хугацааны бие даасан байдал нь орон нутгийн шинэчлэл хийх тохиолдолд Сүмийн хөтөлбөрийг удирдан явуулах зардлыг багасгах боломжтой. Сайн мэдээ болон Сүм хурдан бөгөөд тогтвортой замаар Азийн бүсэд ирэх боломжтой. Ирэх жилүүдэд бид Азийн бүсэд сайн мэдээг болон Сүмийг хөгжүүлэхэд хэрэгтэй сүнслэг ба материаллаг нөөц баялаг аль хэдийн энд бий болсныг олж мэдэх болно. Их Эзэн арга замаар хангасаар ирсэн, хангах ч болно.

Бид дараагийн хэдэн сард болон хэдэн жилд бүсийн урт хугацааны бие даасан байдлын талаар илүү ихийг хуваалцах болно. Үүний зэрэгцээ бид бүх гишүүндээ хайртай гэдгийг тэд мэдээсэй хэмээн хүсэж байна. Бид та бүхнийг хүндэлдэг, мөн та нарт талархдаг. Бид бүгд материаллаг болон сүнслэг байдлын хувьд бие даасан байхаар адислагдах боломжтой бөгөөд Их Эзэнээс адислалуудыг хүлээн авч, Түүний адилаар бие биедээ үйлчлэх боломжтой байгаад талархаж байна. Есүс Христийн нэрээр, амен.