Сонгох эрх

Сонгох эрх

Сонгох эрх нь Бурханы бэлэг бөгөөд бидний өргөмжлөлд нэн чухал

Сонгох эрх нь Бурханы бэлэг бөгөөд бидний өргөмжлөлд нэн чухал

Сонгох эрх буюу бидний сонгох эрх чөлөө нь Тэнгэр дэх Эцэгийн маань өгсөн бэлэг юм. Би мөнх бус амьдралын өмнөх оршихуйд байхдаа аль хэдийнээ энэ бэлгийн баяр баясгаланг эдэлж байсан ба бид Тэнгэр дэх Зөвлөл дээр бидний Аврагч эсвэл Люсифер хоёрын аль нэгийг сонгох боломжтой байсан. Энэ нь маш чухал учраас тэрхүү зөвлөгөөний үеэр Люсифер “хүмүүний сонгох  эрхийг устгахыг эрэлхийлсэн учир” Тэнгэрлэг Эцэг түүнийг доош хаягдахаар болгосон бөлгөө (Мосе 4:3).

Сонгох эрх нь өргөмжлөлд хүрэх бидний аян замын амин чухал хэсэг юм. Өнгөц харахад, нэг ч бодгаль хаягдахгүйгээр (Мосе 4:1-ийг үзнэ үү) гэтэлгэгдэх болно хэмээн баталсан Люсиферийн төлөвлөгөө сэтгэл татам сонсогдож болох юм. Үүнийг хийхэд, хэн ч амьдралдаа ямарваа буруу сонголтыг хийхгүй байж болохын тулд тэрээр бидний сонгох эрхийг зайлуулахыг санал болгосон. Гэвч шийдвэр гаргах боломжгүйгээр бид суралцах боломжгүй байх байсан. Бид өмнөх туршлагаасаа суралцалгүйгээр оюун ухаан эсвэл сүнслэг байдлаараа өсөж хөгжихгүй байх байсан. Иймээс сонгох эрхийн бэлэг нь бидний өргөмжлөлд нэн чухал. Бид үүнийг ухаалаг ашиглаж, энэхүү гайхалтай бэлгээ эрхэмлэн дээдлэх хэрэгтэй.

Саяхан тохиолдсон үйл явдал

Саяхан тохиолдсон үйл явдал

2014 онд миний тавьсан ‘шинэ оны шийдвэрүүдийн’ нэг нь биеэ чийрэгжүүлэх явдал байв. Надад нэн хэрэгтэй дасгал хөдөлгөөнийг хийхийн зэрэгцээ Их Эзэний бүтээлүүдийг бахархан биширч болохын тулд би явган аялал хийдэг. Хонг Конг нь том хот улс бөгөөд мөн онгон байгалийн олон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн бүхий газар билээ. Нэгэн амралтын өдөр би өмнө нь хэзээ ч гарч үзээгүй ойролцоох толгод руу явган аялал хийхээр шийдсэн юм. Интернэтээр нэлээд судалсны дараа би энэ аяллаар толгод руу авирч үзэх итгэлтэй болов. 

Толгодын оргил өөд авирахад тийм ч хэцүү байсангүй. Оргил руу дөхөх тусам байгалийн үзэмж илүү үзэсгэлэнтэй болж байв. Толгодын орой дээрээс би гайхалтай гоо үзэсгэлэнт байгалийг хэсэг зуур бишрэн зогссоныхоо эцэст толгодын нөгөө тал руу уруудаж эхэллээ.

Толгодын уруу хэдэн минут явсны дараа би өмнө нь уулзаж байгаагүй дунд эргэм насны нэгэн эрэгтэй өөдөөс чиглэн ирж явааг анзаарав. Тэрээр аяллын гутал өмссөн л болохоос биш үд дундын хурц нарнаас хамгаалж, шүхэр барин, цэцэрлэгт хүрээлэнгээр зүгээр л салхилж байгаа хүн шиг энгийн хувцасласан байлаа. Тэр намайг болон авч яваа зүйлсийг маань хараад ‘мэргэжлийн бус явган аялагч’ гэж бодсон нь лавтай. Бид бие биетэйгээ толгой дохин мэндэлж, тэрээр миний дэргэдүүр өнгөрч, үргэлжлүүлэн толгодын өөд өгслөө.

Би тэр даруй уруудах хамгийн сайн замыг олохоор хайх үедээ хоёр жимийг олж харлаа. Нэг нь дээш өгсөж яваа нөгөө хүний зам, нөгөө нь зогсож байсан газартай маань илүү ойр, илүү дөт, доош шулуун бууж болох мэт санагдав. 

Илүү шулуун гэж бодсон жимийн зүг алхах үед араас хэн нэгэн хараад байгаа мэт санагдахад, эргэн хартал нөгөө хүн над руу харж байлаа. Би түүнийг анхааралгүй цааш уруудав. Тун удалгүй би анх явж байсан замаас маань илүү хальтиргаатай, миний ур чадвараас хэтэрсэн, нэлээн эрсдэлтэй зам болохыг ойлгосон юм. Би салаа зам руу хэдэн алхам ухарч яваад, өөр замаар доошилж эхлэв. Тэр үед нөгөө эр доошлон ирж, надтай уулзаад “нөгөө замаар явах нь илүү хурдан байж болох ч тэр чигээрээ эгц уруу зам” гэлээ.

Намайг хариулахаас өмнө тэр миний хажуугаар гарч, зам заан уруудаж эхлэв. “Түүнийг дага” хэмээх бодол төрж, би түүнийг дагав. Толгодыг уруудан явах зуураа би тэнд нэлээд хэдэн зам байхыг анзаарч, тэр хүний сонгосон замууд нь дандаа хамгийн хялбар мөн хамгийн аюулгүй болохыг мэдэрсэн юм. Тэр надаас 20-30 метрийн урд явж байсан ч би хэчнээн их хичээсэн ч түүнийг гүйцэж чадаагүй. Тэр байн байн эргэн харж, намайг түүнээс хоцорсон эсэхийг хянаж явлаа. Бид толгодын бэлд бууж ирэх үед би амьсгаа авахын тулд алхаагаа удаашруулах үнэхээр шаардлагатай байлаа.  Эцэст нь тэр холдон одсон байв.

Тэр хүн надад тусламж хэрэгтэй байгааг мэдэнгүүтээ өөрийн төлөвлөгөөг өөрчлөн, намайг толгодоос аюулгүй удирдан буулгасан гэдгийг би их хүчтэй мэдэрсэн юм. Түүнийг намайг удирдахаар сайн дураараа үйлчилсэнд мөн түүнийг дагах зөв сонголт хийсэндээ би маш их талархалтай байв.

Энэ үйл явдал надад сонголт хийх талаар хэдэн чухал зарчмыг сануулсан юм:

1. Бид сайн ч бай, муу ч бай хийсэн сонголтынхоо үр дагаврыг хүлээн зөвшөөрөх ёстой.  

1. Бид сайн ч бай, муу ч бай хийсэн сонголтынхоо үр дагаврыг хүлээн зөвшөөрөх ёстой.  

Мөнх бус амьдралын өмнөх амьдралд байхдаа хийсэн Аврагчийг дагах бидний сонголт нь энэ дэлхий дээр ирж, зуурдын амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгосон билээ (Абрахам 3:26-г үзнэ үү). Бид Сургаал ба Гэрээнээс: “Энэ дэлхийн сууринаас өмнө дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой—

Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (С ба Г 130:20-21) хэмээн сурдаг.

Энэ зарчим зөвхөн селестиел хуулиудад төдийгүй бидний өдөр тутмын амьдралд хэрэгждэг. Хэрэв би хангалттай бэлтгэл хийлгүй, толгодоос эгц доош уруудах замаар аялах эрсдлийг сонгосон бол мэдээж би гэмтэж, өвчин зовиуртай эдгэрэх явцыг туулах байсан биз ээ.

2. Бидний өдөр тутам хийдэг сонголтууд нь бидний туйлын зорилготой уялдах ёстой.

2. Бидний өдөр тутам хийдэг сонголтууд нь бидний туйлын зорилготой уялдах ёстой.

Энэ амьдралын гол зорилго нь “Их Эзэн [бидний] Бурхан (бидэнд) зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн (бид) хийх нь үү гэдгийг” (Абрахам 3:25) өөрсдөдөө нотлох явдал мөн. Баптисм хүртэхдээ бид Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнд болон өөрийн ойр дотныхонд үйлчлэх гэрээ хийсэн билээ (Мозая 5:7—8 ба 18:8—10-ыг үзнэ үү). Хамгийн чухал нь бид өдөр тутмын амьдралдаа сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлж, бие биедээ үйлчлэхэд өөрсдийгөө бэлтгэснээр эдгээр гэрээг үйлдэл болгох ёстой.

Үүнийг ууланд авирсан тохиолдолтойгоо харьцуулж үзэхэд – зөвхөн толгодын оргил дээр гараад, гэртээ харих хүсэлтэй байх нь хангалттай биш бөгөөд толгодоос аюулгүй буух замыг ‘олж мөн дагах’ нь надад хэрэгтэй байв.

3. Мэдлэг болон туршлага нь биднийг зөв сонголт хийхэд тусалж чадна. Өөр нэг арга нь бид ийм мэдлэгтэй хэн нэгнийг дагаж болно.

3. Мэдлэг болон туршлага нь биднийг зөв сонголт хийхэд тусалж чадна. Өөр нэг арга нь бид ийм мэдлэгтэй хэн нэгнийг дагаж болно.

Тэр толгод дээр гарсан нь миний хувьд анхны тохиолдол байсан учраас би аль замаар явах хэрэгтэйгээ мэдэхгүй байсан юм. Аз болоход газар нутгаа сайн мэддэг хэн нэгэн намайг шаардлагагүй эрсдэл, бүр осол гэмтлээс зайлсхийхэд удирдан чиглүүлсэн билээ.

Мөнхийн гэртээ эргэн очих мөнх бус аяллын маань замд Их Эзэн бидэнд үлгэр жишээ үзүүлж, удирдамж өгөх өөрийн үйлчлэгчид болох бошиглогчид, төлөөлөгчид болон Сүмийн бусад удирдагчийг илгээсэн. Тэд биднийг үргэлж зөв замаар аюулгүй удирдах учраас тэднийг дагах нь ухаалаг хэрэг юм. Мөн бид нэгэнтээ туршлага болон гэрчлэл олж авсан бол бусдын амьдралд мөн хөтөч байж чадна.

Сонгох эрх ба Цагаатгал

Сонгох эрх ба Цагаатгал

Сонгох эрхтэй тул алдаа гаргах эсвэл гэм нүгэл үйлдэх магадлалтай байдаг. Аз болоход авралын агуу төлөвлөгөөгөөр Их Эзэн бидэнд бас нэгэн бэлэг болох Цагаатгалыг өгсөн. Бид чин сэтгэлээсээ наманчилснаар, өөрсдийн чадах бүхнээ хийсний дараа Түүний ач ивээлээр дамжуулан аврагдаж болохын тулд Их Эзэн бидний гэм нүглийн төлөө Өөрийгөө сайн дураараа золиосолсон билээ.

Сонгох эрх болон Цагаатгал хэмээх энэ хоёр бэлэг нь бидэнд шаардлагатай туршлагыг олж авч, Эцэгийг дагах хүслээ батлан, гэм нүглүүдээ наманчилж, тэнгэрлэг гэртээ эргэн очиход бидэнд өөрсдийгөө бэлтгэх боломж олгохын тулд нягт холбоотой, салшгүй хамт ажилладаг. Би энэ хоёр гайхамшигтай бэлэгт үнэхээр талархдаг.

Бурхан амьд, Есүс бол Христ бөгөөд Тэд бидэнд хайртай гэдгийг би гэрчилж байна. Бидний Их Эзэн мөн Багш Есүс Христийн нэрээр, амен.