Наманчлалаар дамжуулан ирдэг хүч чадал

Наманчлалаар дамжуулан ирдэг хүч чадал

Наманчлал бол итгэлийг боож, боомилдог нүглийн тэрхүү гинжийг эвддэг тасдагчтай адил юм. Аливаа хүн Есүс Христийн сургаалд өөрийгөө нийцүүлэн амьдарч мөн гэм нүглүүдээ наманчлахад агуу мэдлэг, мэргэн ухаан болон хүч чадлыг амьдралдаа хүлээн авдаг. Бид Ифер 12:27-р шүлгээс “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” хэмээн уншдаг.

Хэдийгээр дээрх шүлгэнд наманчлал гэдэг үг тодорхой дурдагдаагүй ч, энэ чухал зарчим уг шүлгэнд далд утгаар хэрэглэгдэж байна. Энэ нь итгэл, даруу байдлаас гадна Бурхан бидний сул талуудыг хэрхэн хүчирхэг болгон өөрчилдгийг бидэнд хэлдэг. Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд нь сул дорой, дуулгаваргүй хүмүүс наманчлалын үйл явцаар дамжин хэрхэн Бурханы гар дахь агуу хүчирхэг зэмсэг болж чадахын гайхамшигт жишээ билээ.

Үүний нэгэн адил, энэ гайхалтай өөрчлөлт нь бидний амьдралд ч тохиолдох боломжтой бөгөөд бид хийх ёстой юм. Өөрсдийнхөө хүчээр наманчлах бидний зөв шударга хүсэл болон хүчирхэг хичээл зүтгэл нь Аврагчтай адил болоход бидэнд хангалтгүй. Хэрэв бид Ифер 12:27–р шүлгийг дахин анхааралтай уншвал: “... бүх хүмүүст миний ач ивээл хангалттай ...” бөгөөд “ ... , тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө ...” гэсэн эдгээр хоёр хэлцийг ойлгох болно. Энэ шүлэг нь биднийг чадах бүхнээ хийсний дараа бидний сул дорой зүйлүүдийг хүчирхэг зүйлүүд рүү эргүүлэх чухал өөрчлөлтүүдийг бидэнд авчрах хүч Христэд байдаг гэдгийг бидэнд хэлж өгдөг.

миний би Христэд

Би хувийн туршлагаараа энэ зарчим үнэн гэдгийг мэднэ. Би зарим сул талаа өөрийн шийдэмгий хүсэл болон хичээл зүтгэлээрээ ялан дийлж чадсан. Гэсэн хэдий ч өөртөө өсөлт гаргаж чадаагүй, Бурханд болон Түүний нигүүлсэлд итгэх итгэлээ хөгжүүлээгүйгээс болж ганцаараа ялан дийлж чадахгүй зарим сул тал байдаг. Бид магадгүй хувийн зан чанарын террестриал жишгүүдэд хүрэхийн тулд унасан байдлынхаа нэг хэсгийг ялан дийлэх боломжтой байж болох юм. Гэсэн хэдий ч бид Христийн нигүүлсэл, ач ивээл, цагаатгалгүйгээр селестиел биетэй болж, өргөмжлөлийг хүлээн авах боломжгүй юм. Бошиглогч Моронай “… Христээр сайн юм болгон ирэх болно”2 хэмээн нэмж хэлсэн. Эдгээр сайн зүйлийн жишээнүүд нь итгэл, тэвчээр, даруу байдал, мэргэн ухаан, энэрэл, удаан тэсвэрлэх чадвар болон хайрлаж, уучлах хүчийг агуулдаг. Бидний итгэл, наманчлалаас үүдэн ирдэг эдгээр сайн зүйл нь бидний өдөр тутмын амьдралд хүч чадал болон мэргэн ухааныг өгөх болно.

Наманчлал дахь бидний хичээл зүтгэл нь бидэнд үнэхээр хүч чадал авчрах явдлыг хэрхэн баталгаажуулах тал дээр би цөөн хэдэн зөвлөгөөг хуваалцмаар байна:

1. Дайсан биш нөхөр: Бид эхлээд наманчлалд, зайлсхийх дайсан мэтээр биш харин хүлээн авах хэрэгтэй, тус нэмэртэй найз шигээ хандах хэрэгтэй. Наманчлалыг авч үзэж буй хандлага нь энэхүү хүчирхэг цэвэршүүлэгч зарчим бидний амьдралд хэр сайн ажиллахыг тодорхойлдог. Хэрэв бид үүнийг насан туршийн найз хэмээн үзвэл энэ нь эхэндээ бидний ноцтой гэм нүглүүдэд, дараа нь хор уршиг багатай гэм нүглүүд болон сул талуудад маань туслах болно. Бид энэ амьдралдаа төгс болох нь эргэлзээтэй учир биднийг мөнх бус амьдралын аян замаа дуустал наманчлал хэрэгтэй байсаар байх болно.

2. Гэмшил эсвэл харуусал: Нүглийнхээ төлөөх гэмшил эсвэл Бурханлаг харуусал нь наманчлалын чухал хэсэг юм. Хэн нэгний мэдэрдэг гэмшлийн гүн гүнзгий шаналал нь түүнд өршөөл эрэлхийлж мөн гэм нүглээ цайруулахад хөшүүрэг болж өгдөг. Үүнийг бүрэн дүүрнээр хэрэгжүүлэх боломж олговол гэмшил нь хүчирхэг цэвэрлэгч болдог. Хэрэв бидний мэдрэмж ямар нэг зүйл хийж байгаад баригдсан эсвэл үүнээс ирсэн хатуу шийтгэлээс ирж байгаа бол бид наманчлалаас хүч чадал хүлээн авах нь эргэлзээтэй юм. “Учир нь Бурханы хүслийн дагуух гашуудал нь … авралд хүргэдэг билээ … харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог. 

3. Даруу байдал эсвэл доромжлол: Чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан Бурханы бидэнд оногдуулахыг хүсэж буй бүхэнд бид өөрсдийгөө захируулж мөн үр дүнд нь гэр бүлийнхэндээ эсвэл сүмийн найзууддаа “нэр нүүрээ алдахад” хүргэнэ хэмээн ичиж зовохооргүй хангалттай даруу байх ёстой.

4. Хүч чадал эсвэл сэтгэлийн дарамт: Зарим нь наманчлалыг сэтгэлийн дарамт мэтээр үздэг. Бусад хүмүүс наманчлалыг Авчрагчтай илүү хүчирхэг харилцаатай байж мөн илүү агуу итгэлийг олж авахын тулд Түүний хүч чадалд нэвтрэн орох боломж гэж үздэг. Тийм ээ, наманчлал нь ялангуяа эхэн үедээ дарамттай, даруу байхыг шаардсан байж болно гэхдээ тайвшруулж, тайтгаруулагч мөн эдгээгч “Гилеадын гавар”4 нь зохих цагтаа урсан ирэх бөгөөд “бүх ойлголтыг давах”5 хүч чадал болон амар амгаланг бидний амьдралд авчрах болно.

Хэдийгээр Бурхан нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй боловч6 бүх нүгэлтэнд хязгааргүй хайртайг мэдэх нь нүгэл үйлдсэн хүмүүсийн хувьд маш чухал билээ. Бид одоо наманчлах ёстой эсвэл дараа нь устгагдах болно. Алма, наманчлалын өдрүүдээ хойшлуулдаг тэдгээр гэгээнтнүүдийн талаар мэдэрсэн мэдрэмжээ ийн илэрхийлсэн юм: “Мөн эдүгээ, ах дүүс минь, зүрхнийхээ угаас, тийм ээ, бүр өвдөлтийг мэдрэх агуу зовнилоор, та нар миний үгсийг сонсоосой, мөн нүглүүдээсээ салаасай, мөн наманчлалынхаа өдрийг бүү хойшлуулаасай хэмээн хүснэ би;”7 Бид наманчлалыг эрт хийх тусам энэ нь илүү амархан болдог. Нүглүүд нь биднийг хүлдэг гинжтэй адил юм. Наманчлалаа хойшлуулж буй өдөр бүр нь үүнийг орхиход илүү хэцүү болгож, гинжийг давхарлаж байдаг.

Бид наманчлалын үйл явцад ганцаараа тэмцэх ёсгүй гэдгийг мэдэх нь чухал билээ. Аврагч бидний өвчин, шаналал, шарх болон харамслыг мэдэж, ойлгодог бөгөөд Тэр бидний төлөө эдгээр зүйлийг даван туулсан юм. Мөн туслах хүсэлтэй, боломжтой олон хүн байдаг. Бишоп, эцэг эх, эхнэр нөхөр, ах дүүс, гэрийн болон айлчлагч багш гэх мэт хүмүүст бидэнд туслах онцгой ялган таних чадвар ба хүч өгөгдсөн байдаг. Ялангуяа бишопуудад бидний наманчлалын үйл явцад бидэнтэй хамтран ажиллах онцгой түлхүүрүүд, ялган таних чадвар болон хүч өгөгдсөн байдаг. 

Наманчлал нь ийм чухал авралын зарчим учраас Сатан биднийг наманчлуулахгүйн тулд чадах бүхнээ хийх болно. Тэрээр бидэнд ямар нэгэн найдвар байхгүй бөгөөд бид сул дорой, бидэнд наманчлах хүч байхгүй эсвэл нүглүүд маань наманчлах шаардлагатай биш гэдэгт биднийг итгүүлэхийн тулд бидний зүрх сэтгэл болон оюун ухаанд эдгээр бодлуудыг оруулах замаар үүнийг хийдэг.   

Христэд итгэх итгэл болон байнгын наманчлалаар дамжуулан бид Ариун Сүнстэй хамт байх зохистой байж чадна гэдгийг би гэрчилж байна. Бид Ариун Сүнсэнд ойр байснаар даруу, заасан зүйлийг хүлээж авдаг, дуулгавартай, итгэлтэй, мэргэн ухаантай, Түүний бүх зарлигийг дагах болон үргэлж сайныг хийх хүсэлтэй байх болно. Христээр сайн юм бүхэн ирэх болно гэдгийг би гэрчилж байна. Наманчлалыг найзаа хэмээн үзэж, наманчлалын өдрүүдээ хойшлуулахгүй байцгаая. Бид наманчлалын шаардлагатай бүх үйл явцыг гүйцээсний дараа илүү хүчтэй хийгээд илүү аз жаргалтай байх болно.