Идэвх султай гишүүдийг аврах нь

Идэвх султай гишүүдийг аврах нь

Зарим хүмүүс сүмд нэгдэж, хэсэг хугацаанд идэвхтэй явж байгаад сайн мэдээний замаар цаашид үргэлжлүүлэн замнахаа болиход  хүрдэг. Энэ нь маш олон шалтгаанаас үүдэлтэй байдаг байна. Заримдаа тэд хэн нэгний хэлсэн эсвэл хийсэн зүйлд гомддог. Мөн зарим тохиолдолд тэд хуучин зуршлуудаа давтаж, сайн мэдээний жишгүүдийн дагуу амьдрахгүй байгаадаа ичдэг. Эсвэл ажил болон сүмд явах дадал хэвшил нь алдагдсанаар зөрчилдөөнтэй тулгардаг. Хүмүүс идэвх султай болдог бусад олон шалтгаан байдаг.

Бидний олонх нь энэ замаар аялж буй хэн нэгнийг мэддэг шүү дээ. Их Эзэн алдагдсан хоньдын талаар сургаалт үлгэр ярихдаа эдгээр хүмүүсийн талаар мэдэж байжээ. Үүнд  Их Эзэн, алдагдсан нэг хонийг аврахын тулд ерэн есөн хонио орхисон нь бүр илүү ойлгомжтой болгосон юм. Тэр биднээс Өөртэйгөө адилаар хийхийг хүсдэг.

Энэхүү сэдвээр бид  Ерөнхийлөгч Монсоноос түүний үйлчлэлийн бүхий л цаг үед  сонссоор ирсэн билээ. Тэрээр саяхан хэлэхдээ: “Ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилсэн энэ хэдэн жилийн хугацаанд сайн мэдээний өгч чадах бүхий л адислалуудаас ах эгч нарыг маань холдуулдаг байж магадгүй янз бүрийн нөхцлүүдээс  тэднийг “аврах” хэрэгцээг би онцгой анхаарсаар ирсэн” гэжээ. Би  Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш бид авралын энэхүү ажилд оролцохоор илүү яарах хэрэгтэйг илүү их мэдэрсэн юм. Сүмийн итгэлтэй гишүүд хайр ба ойлголтоор гараа сунгаснаар олон хүн бүрэн идэвхжин эргэж ирсэн ба  тэд одоо амьдралд нь нэмэгдсэн адислалууддаа баяртай байна. Энэ талаар хийх зүйл маш их байгаа бөгөөд би бүх хүмүүсийг гараа сунган авралаа үргэлжлүүлэхийг урамшуулан дэмжиж байна. Их Эзэн “Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” хэмээн хэлжээ (Лук 22:32).

Авралын энэхүү үйл явц эцэг эхэд маань тохиолдсон юм. Сайн гэрийн багш болон бусад сайхан сэтгэлт гишүүдийн хичээл зүтгэлээр тэд маань сүмд эргэн ирж бүрэн идэвхтэй болсон билээ. Дэлхийн өөр өөр газар гишүүдтэй ярьж байхдаа эцэг эхийн минь байсан шиг яг тийм нөхцөл байдлаас аврагдсан олон гишүүд байдгийг олж мэддэг юм. Хэн нэгэн зориглож тэдэнд гараа сунган хичээл зүтгэл гаргасаар  байна.

Өсвөр насны хөвгүүн байх үед надад аавынхаа гэрийн багшийн хамтрагчаар үйлчилж хэн нэгнийг хэрхэн аварч болохыг ажиглах боломж олдсон юм. Биднийг манай тойргийн идэвх султай нэгэн гэр бүлд оноосон байв. Тэд сүмд нэгдснээс хойш олон жил болж байжээ. Хамгийн анх тэдэн дээр айлчилж очиход тэд биднийг хүйтэн хөндий хүлээн авч байсныг би сайн санадаг. Тэднийд байхдаа аав маань арын хашаанд нь байсан тэдний ногооны цэцэрлэгийг хараад цэцэрлэгтээ юу ургуулж байгааг нь асуусан юм. Тэд биднийг гарч, цэцэрлэгээр хамт алхахыг санал болголоо.   

Бидэнд юу ургуулж байгаагаа үзүүлэх явцад  энэ хос хоёр ба аавын хооронд харилцаа үүсч эхэлж байгааг би ойлгосон юм. Дараагийн удаа тэднийд очоод удалгүй итгэл, хайрын харилцааг цэцэглүүлэх халуун дулаан мэдрэмж хөгжиж эхэлснийг би анзаарсан билээ. Энэ нь аавд маань тэднийг сүмдээ идэвхтэй болоход урих боломжийг олгосон юм. Тэд түүний урилгад хариулж гайхалтай найзууд нь болсон билээ. Ингэж  аварснаар эцэг эх маань ижил нөхцөлд байгаа бусдад хэрхэн туслах талаар туршлагатай болсон  юм.

Саяхан би Бангкок дахь манай сүмийн дөрвөн бишопын нэгтэй нь бусдыг аврахаар тойрогтоо гаргаж байгаа хичээл зүтгэлийнх нь талаар ярилцсан юм. Хайраар дүүрэн байж, мөн түүнийгээ бусдад  үзүүлэх арга замыг олсон үедээ айлчлан очих юм бол  бидний хичээл зүтгэл хамгийн үр дүнтэй байдаг хэмээн тэрээр онцлон хэлсэн.  Аав маань тэр гэр бүлийн арчилж хамгаалдаг зүйлийг сонирхон асуух үед энэ арга зам олдсон  юм.

Бангкокын өөр нэгэн бишоп бусдыг аврахаар хэрхэн явах талаар надтай нэгэн үнэ цэнэтэй зөвлөгөөг хуваалцсан юм.  Бид хүмүүсийг сүмдээ эргэн ирэхэд  зөвхөн уриад зогсохгүй тэд яагаад үүнийг хийх ёстой гэдгийг ойлгоход нь туслах хэрэгтэй гэж тэр  тайлбарласан. Мөн бид Аврагчийн мөнхийн итгэл найдвар, баяр баясгалангийн захиасыг тэдэнд авчрах хэрэгтэй. Энэ бишоп Бурхантай хийсэн гэрээгээ шинэчилснээр ирдэг хүчээр дамжуулан  амьдралд орж ирдэг сайн сайхан зүйлүүдийг тэдэнд заахын чухал ач холбогдлыг болон Аврагчийн сургаалын дагуу амьдрахаар хичээж байгаа тэдгээр хүмүүстэй холбоо тогтоосноор ирдэг хүч чадлын талаар онцлон хэлсэн. Сүмд явснаар ирдэг адислалуудыг биднийг тайлбарлах үедээ бидний урилгад хариулж байгаа идэвх султай тэдгээр хүмүүсийг илүү олж харах боломжтой болно.

Бид бусдыг аврах ажилд явахдаа Ерөнхийлөгч Монсоны үүнийг хэрхэн хийх талаар онцлон хэлсэн гол зарчмуудыг санадаг байх хэрэгтэй. Тэр сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн хурлууд дээр үг хэлэхдээ Их Эзэний алдагдсан хоньдыг эрж хайхын ач холбогдлын талаар л ихэвчлэн ярьдаг. Тэр бусдыг аврахад бидэнд хэрэгтэй гэж үзсэн тодорхой түлхүүрүүдийг хуваалцдаг. Хүмүүсийг буцаж ирэхийг урихаас гадна бид тэдэнд үйлчлэл  хийх, утга учиртай ямар нэгэн зүйлийг өгөх хэрэгтэй гэж түүний хэлэхийг би олонтоо сонссон. Энэ нь тэдэнд хүнд дарамт болохооргүй тийм нэгэн утга учиртай зүйл байх хэрэгтэй юм.

Нэмж хэлэхэд, бид тэдэнд өгсөн хариуцлага, үүрэг даалгавраараа дамжуулан тэднийг амжилттай байхад нь туслах хэрэгтэй гэж хэлсэн.3 Ерөнхийлөгч Монсоны энэ зөвлөгөөг дагах нь агуу мэргэн ухаан билээ. Сүмдээ эргэн ирж байгаа хэн нэгэн, хичээлийн жижиг хэсгийг заах, эсвэл туршлагатай гишүүний дуудлагаа биелүүлж байгааг ажигласнаар туршлага хуримтлуулан, сурах боломж олгохын тулд тэдэнд  багшийн эсвэл удирдагчийн туслахаар үйлчлүүлэхээр дуудаж болно.

Эцэст нь  сүмдээ идэвхтэй болж, эргэн ирж байгаа сүмийн гишүүд маань бидэнд хэрэгтэй гэдгээ өөрсдөө ойлгох хэрэгтэй. Тэдний оролцоо нь ямар ч салбар, тойрог дахь гэгээнтнүүдийн нэгдэлд хүч нэмэх болно. Тэдний итгэл, үйлчлэл бусдын амьдралд эерэг өөрчлөлтийг бий болгож чадна. Хоёр дахь ирэлтээр Аврагчийг хүлээн авах зохистой хүмүүс болон хамтдаа өсч хөгжих үед бүх хүмүүс баяжигдан нэмэгдэж мөн адислагдах болно.

Сургаал ба Гэрээ номонд Их Эзэн бидэнд хэлэхдээ “Мөн хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ! Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” (С ба Г 18:15-16) гэжээ.

Идэвх султай гишүүдийг буцаан авчрах нь сүрдмээр ажил мэт санагдаж болох юм. Гэсэн хэдий ч амьдралд бүх зүйл байдгийн адилаар Их Эзэн итгэлээрээ Өөртөө ирэх тэдгээр хүмүүст замыг нээх болно. Тэд сайн мэдээний захиасыг хуваалцах зөв цаг, урилга өгөх зориг, алдагдсан хоньдыг аврахад Түүний жишээг дагах үед юу тохиолдож болохыг харах алсын хараа, Их Эзэний тэдэнд хэлэх үгсээр нь Түүнийг олох болно. Бид амьд бошиглогчийн зөвлөгөөнд анхаарал тавьж “аврахаар явж буй” тэдний дунд байх болтугай хэмээн би залбирч байна.