Гэрээний адислалуудаа өөрийн болго

Эгч нар аа, та нартай дахин хамт байгаа нь ямар гайхалтай билээ.

Би баптисм хүртэхээр бэлтгэж байсан нэгэн эмэгтэйтэй саяхан уулзсан юм. Тэр эмэгтэй нэгэн ням гарагт шавар шалбаагтай хэцүүхэн замаар гурван километр газар алхаж, сүмдээ ирсэн байлаа. Тэрээр ирсэн даруйдаа угаалгын өрөөнд орж, шавар болсон хувцасаа тайлан, биеэ угаагаад ням гарагийн цэвэрхэн хувцасаа өмссөн юм. Халамжийн нийгэмлэгийн цуглаан дээр тэр өөрийнхөө хөрвөлтийн талаар ярьсан билээ. Наманчлал болон Аврагчийн цагаатгагч золиослолоор дамжуулан угаагдан цэвэр, ариун болох түүний туйлын хүсэл нь мөн тэрээр Тэнгэрлэг Эцэгтэй ариун гэрээнүүд байгуулахын тулд “хуучин амьдралаа” орхиход бэлэн байгаа нь миний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэр бүсгүй найз залуудаа Мэргэн ухааны үгийн дагуу амьдрахаар муу зуршлаасаа ангижрахыг хичээж, ням гарагт ажилладаг ажлаасаа гаран, мөн баптисм хүртэх гэж буйгаа хэлсэн учир хайртай хүнээ алдсан байлаа. Тэр эмэгтэй угаагдан ариусаж мөн Аврагчийн гэтэлгэлийн хайрыг мэдэрч болохын тулд бүх нүглүүдээсээ сална гэхээс догдолж байжээ. Тэрхүү өглөө түүний бие болон сэтгэлээрээ цэвэр ариун болох хүсэлтэйг хараад сэтгэл минь хөдөлж байсан юм.

Та нарын ихэнх нь Ариун Сүнсний гэрчлэлийг мэдэрч, наманчилж, баптисм хүртэн мөн цэвэр болгогдохыг хүсэхдээ үүнтэй адил золиослолуудыг хийсэн гэдгийг бид мэднэ. Бид наманчилж, Түүний хайрын мутар нь биднийг тэврэхээр сунгагдахад мөн Түүний хайр болон биднийг хүлээн зөвшөөрсний баталгааг мэдрэхээс өөр ямар ч үед Аврагчийн тэнгэрлэг их хайрыг мэдэрдэггүй биз ээ.

Хэдэн долоо хоногийн өмнө би ариун ёслолын залбирал сонсож байхдаа нэгэн санваартан үг бүрийг нь ихэд мэдрэн уншиж байгаад нь сэтгэл минь үнэхээр их хөдөлсөн юм. Дараа нь би уг санваартанд, надад болон цугларагсдад тэр ариун ёслолыг гүн гүнзгий сүнслэг үйл явдал болгоход нь тусалсанд талархал илэрхийлэхээр утасдсан юм. Тэрээр гэртээ байсангүй. Ээж нь “Таныг утасдсанд тэр маш их баярлах болно! Энэ бол түүний хамгийн анхны ариун ёслолын залбирал байсан бөгөөд бид хамтдаа бэлтгэж, ариун ёслол болон Аврагчтай хийсэн баптисмын гэрээгээ зохистойгоор шинэчлэхийн чухал ач холбогдлын талаар ярилцаж байгаа” хэмээн хариулсан юм. Хүүдээ баптисмын гэрээний хүч болон уг хүчийг мэдрэхэд нь тойргийн гишүүддээ хэрхэн туслах ёстойг заасан энэ эрхэм сайхан ээжийг би хайрлахгүй байж яахин чадах билээ.

Миний мэддэг өөр нэгэн ээж хэдэн жилийн турш бага насны дөрвөн хүүхэдтэйгээ хамт сүмд ирж байгаа юм. Ариун ёслолын үеэр Аврагчид анхаарлаа хандуулах боломж тааруу болохоор тэрээр төлөвлөгөө гаргасан байна. Одоо тэр бямба гараг бүр долоо хоногоо дүгнэж, гэрээнүүд болон наманчлах ёстой зүйлүүдийнхээ талаар бодох цаг гаргахыг хичээдэг болжээ. Тэр эмэгтэй “Ням гарагт хүүхдүүдтэйгээ юу хийж байгаагаас үл хамааран, би ариун ёслолыг хүртэхэд, гэрээнүүдээ шинэчлэхэд мөн Цагаатгалын ариусгах хүчийг мэдрэхэд бэлтгэгдсэн байдаг юм” гэж хэлсэн юм.

Хүндэт эгч нар аа, Аврагч ариун ёслолыг яагаад чухалчлан үздэг вэ? Баптисмынхаа гэрээг долоо хоног бүр шинэчлэх нь бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ? Бид ариун ёслолоос зохистойгоор мөн анхааралтайгаар хүртсэнээр Аврагч биднийг долоо хоног бүр бүрэн төгс ариусгах хүч чадалтайг ухааран ойлгодог уу? Ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Бид гэм нүглүүдээ наманчилж мөн Христийн цусаар угаагдан ариун болсны дараа биднийг  … энэ амьдралын эцэст хөшгөөр дамжин гарах боломжтой болгох нь Есүс Христийн сайн мэдээ болон Цагаатгалын амлалт юм”1 хэмээн гэрчилжээ.

Эгч нар болон тэдний гэр бүл гэрээнүүд байгуулж мөн тэдгээрийг сахих үед манай ерөнхийлөгчийн зөвлөл агуу их баяр баяслыг мэдэрдэг ч хайртай хүмүүс тань гэрээнүүдээ зөрчсөнөөр та нарын амьдралд зовлон бэрхшээлүүд хэрхэн тулгарч байгааг хараад бидний зүрх сэтгэл өвддөг билээ. Их Эзэн Нифайн дүү, бошиглогч Иаковд өөрийн өдрүүд дэх зөв шударга эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн талаар ах нарт хандан ярихыг зарлигласан байдаг. Түүний үгс нь ялангуяа бидний өдрүүдэд зориулагдан хадгалагдсаныг би гэрчилж байна. Тэр бидэнд хандан, Аврагч Өөрөө ярьж байгаа мэтээр ярьсан юм. Иаков эр нөхрүүд болон эцгүүдэд гэрчлэхдээ: “Хүсэл тэмүүлэл хийгээд … зовнилдоо дарагдсан” байв.

“Олон нь үлэмж энхрий болоод ариун мөн эмзэг мэдрэмж бүхий тэдгээр эхнэр, хүүхдүүдийн чинь өмнө би та нарын талаарх яриандаа маш их шулууныг хэрэглэх ёстой болов, энэ нь намайг гонсойлгож байна. …

“… Тэдний зүрхний мэгшилтүүд та нарын эсрэг Бурхан өөд дээш ирж байна. … Олон бодгаль гүнзгий шархнуудаас цоорч үхсэн билээ.”2

Түүний өдрүүдийн болон бидний үеийн гэрээгээ сахигч эмэгтэйчүүд, хүүхдүүдэд Иаков амлахдаа:

“Бурханд шийдэмгий оюунаар хандаж, мөн түүнд үлэмж итгэлтэйгээр залбирагтун, мөн тэрбээр та нарыг зовлонд чинь тайтгаруулна. …

“… Тэргүүнээ өргөгтүн, мөн Бурханы таалалт үгийг хүлээн авагтун, түүний хайран дээр найрлагтун.”3

Эгч нар аа, бид Тэнгэрлэг Эцэгтээ хамгийн гүн шаналал болон чин хүслээ илэрхийлснээр ирдэг залбирлын хүч чадлыг мөн судрууд болон амьд бошиглогчдын үгс дээр “найрласнаар” хүлээн авдаг хариултуудыг би гэрчилж байна.

Гурван жилийн өмнө Юта мужийн Прово хот дахь олонд хайрлагдсан, түүхэн табернеклийн дотор хүн итгэмээргүй гал түймэр гарч тэр хэсэг бараг бүгд шатсан юм. Энэ нь хотын оршин суугчид болон сүмийн гишүүдийн хувьд аймшигтай гамшиг байлаа. Олон хүн “Их Эзэн яагаад ийм зүйл болохыг зөвшөөрсөн юм бол? Мэдээж Тэрээр галаас сэргийлж эсвэл үүнийг устгагдахаас нь өмнө зогсоож чадах байсан шүү дээ” хэмээн гайхаж байлаа.

Арван сарын дараа 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр Ерөнхийлөгч Томас С.Монсон бараг бүр мөсөн устгагдсан табернекл Их Эзэний өргөө- Ариун сүм болох гэж буйг зарлахад хүмүүсийн гайхан дуу алдах нь тод сонсогдож байв. Тэгэхэд бид Их Эзэн үргэлж мэддэг байсныг харсан юм! Тэр түймэр гаргаагүй ч түймэрт барилгын дотор хэсэг шатахыг зөвшөөрсөн юм. Тэр уг табернеклийг гайхамшигт сайхан Ариун сүм, ариун нандин, мөнхийн гэрээнүүдийг байгуулах газар болгон харсан юм.4

Хүндэт эгч нар аа, Их Эзэн биднийг заримдаа бидний хамгийн дээд чадвар хүртэл шалгагдан, соригдохыг зөвшөөрдөг. Бид хайртай хүмүүсийнхээ амьдралыг эсвэл бүр өөрсдийнхөө амьдралыг шатах мэт болохыг хараад биднийг хайрладаг мөн сайхан сэтгэлт Тэнгэрлэг Эцэг яагаад ийм зүйлүүд тохиохыг зөвшөөрдөгт гайхдаг. Гэвч Тэрээр биднийг үнсэн нурманд хэзээ ч хаяж орхидоггүй. Тэр бидэнд мутраа сунган, Түүнд ирэхийг чин сэтгэлээсээ урин зогсдог юм. Тэрээр бидний амьдралыг Түүний Сүнс мөнхөд оршиж болох гайхамшигт ариун сүмүүд болгон барьж босгодог юм.

Сургаал ба Гэрээний 58-р хэсгийн 3–4 дүгээрт Их Эзэн бидэнд:

“Үүнээс хойш тохиох тэдгээр зүйлүүдийн талаарх Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй.”

“Учир нь их гай зовлонгийн дараа адислалууд ирдэг болой. Иймийн тул та нар их алдар суугийн титэм өмсөх тэрхүү өдөр ирнэ” хэмээн хэлсэн байдаг.

Эгч нар аа, Их Эзэнд бидний хүн нэг бүрийн амьдралд зориулсан төлөвлөгөө байдгийг би гэрчилж байна. Тохиож буй юу ч байсан Түүний хувьд гэнэтийн, эсвэл санаандгүй зүйл биш юм. Тэр бүхнийг мэддэг бөгөөд бүгдийг хайрладаг. Биднийг Цагаатгалын хүчинд найдан, өөрсдийн гэрээнүүдээ эрхэмлэх үед Тэрээр бидэнд тусалж, биднийг тайтгаруулж мөн бидний өвчин шаналлыг нимгэлэхэд бэлэн байдаг. Бидэнд тохиолддог сорилт болон зовлон бэрхшээлүүд нь Түүний оршихуйд эргэн ирж мөн Эцэгт буй бүхнийг хүлээн авч болохын тул Түүнд ирж, гэрээнүүдээс зууран барихад биднийг удирдах чухал чиглүүлэл байж болох юм.

Өнгөрсөн жил надад Их Эзэний хайрыг илүү гүнзгий мэдэрч, хувийн илчлэлт хүлээн аван мөн ачаануудаа хөнгөлүүлэх хэрэгтэй байсан юм. Би ариун сүмийн гэрээнүүдээ сайтар ойлгохыг хүссэн юм. Намайг эдгээр адислалуудын төлөө онцгойлон залбирах үед ариун сүмд очиж, надад өгөгдсөн адислалуудын үг нэг бүрийг илүү анхааралтай сонсоосой хэмээн удирдаж буй Сүнсийг мэдэрсэн юм. Намайг илүү анхааралтайгаар сонсож, итгэлээ хөгжүүлэхийг хичээх үед Их Эзэн надад нигүүлсэнгүй байсан бөгөөд ачаануудыг маань хөнгөлж тусалсан гэдгийг би гэрчилж байна. Тэр надад хараахан хариулагдаагүй залбирлуудынхаа талаар амар амгаланг мэдрэхэд тусалсан юм. Бид гэрээнүүдээ биелүүлж мөн итгэлээ хөгжүүлэх үед Их Эзэн амлалтуудаа биелүүлдэг билээ.5 Хүндэт эгч нар аа, ариун сүмд ирж, адислалуудаа өөрийн болгоцгоо!

Өөртөө итгэх итгэл болон найдварыг бий болгодог өөр нэгэн арга замын талаар би ярихыг хүсэж байна. Бид заримдаа, эмэгтэй хүний хувьд, өөрсдөдөө хэт шүүмжлэлтэй хандах үе байдаг. Ийм үед бид Сүнсний удирдамжийг эрэлхийлж мөн энэ нь Их Эзэний намайг өөрийнхөө талаар бодохыг хүссэн тэр зүйл мөн үү, эсвэл миний урмыг хугалахаар Сатан хичээж байна уу гэдгийг асуух хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэгийн хайр төгс төгөлдөр бөгөөд төгсгөлгүй билээ.6Түүний зан чанарыг санагтун. Тэр бидний урам зоригийг мохоодог биш харин урамшуулан дэмждэг билээ.

Бид сүмийн гишүүдийн хувьд, заримдаа Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд “хожмын үеийн төгс төгөлдөр гэгээнтэн гэр бүл” байх хэрэгтэй гэж боддог байж болох юм. Бидэнд хожмын үеийн төгс төгөлдөр гэгээнтэн гэр бүл байхгүй гэж бодох үед бид хаант улсад ороход зохисгүй мэт санагддаг. Хүндэт эгч нар аа, бүгд хэлэгдэж мөн гүйцэлдсэн байх тэр цагт Тэнгэр дэх бидний Эцэгийн хувьд чухал болох тэр зүйл нь бид гэрээнүүдээ хэрхэн сайн дагаж биелүүлсэн, бас бидний Аврагч, Есүс Христийн жишээг дагахаар хэр их хичээсэн тань л чухал байх болно.

Би Есүс Христ бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч гэдгийг гэрчилж байна. Бид Түүний ариун ёслолоос зохистойгоор хүртсэнээр, Түүний цагаатгагч золиослолын ачаар долоо хоног бүр угаагдан ариусаж чадна. Бид өөрсдийн гэрээнүүдийг шинэчлэн, тэдгээрийг эрхэмлэн дээдлэх үед бидний ачаа хөнгөрч, бид үргэлжлүүлэн цэвэр ариун мөн хүчирхэг болох боломжтой бөгөөд амьдралынхаа эцэст бид диваажин болон мөнхийн амьдралыг хүлээн авч болохын тул зохистой хэмээн тоологдох болно. Эдгээр бүх зүйлийг би бидний хайрт Аврагч, Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.