Бусдад хайраар үйлчлэх нь

Бусдад хайраар үйлчлэх нь

Би 17 настай байхдаа 1972 оны 9 дүгээр сард Малайзын Эзэн хааны цэргийн нисэх хүчинд элсэн орсон юм. Тэр үед 13 жилийн гэрээнд гарын үсэг зурж байхдаа энэ нь миний амьдралд хэрхэн нөлөөлөхийг би бүрэн дүүрэн ойлгоогүй  байсан билээ. Миний үүрэг бол дайны үед эх орноо дайснуудаас хамгаалах явдал байв.  

Бид цэрэг болохын тулд мөн бие махбод, оюун санааны хувьд тэсвэртэй, эрүүл чийрэг байхын тулд биеийн болон оюун санааны дасгал сургуулилт хийх хэрэгтэй байсан юм. Бид тушаалуудыг сонсон, дуулгавартай дагаж мөн тэдгээрийг үр бүтээлтэй хэрэгжүүлж сурсан. Бид үүрэг даалгавраа биелүүлэх явцад хором бүртэй уралдан, өдөр тутмын амьдралдаа хатуу сахилга батыг хөгжүүлсэн юм. Дасгал сургуулилт хийж, бие бялдар, оюун санааны хувьд эрүүл чийрэг байсан нь цэргийн амьдралд маань бат бөх суурь болж байсанд би баяртай байдаг байсан.

Цэргийн нисэх хүчинд байсан өдрүүдээ эргэн бодохдоо Тэнгэрлэг Эцэг тэнд байх үед минь  сургаалыг нь хүлээн авахад намайг бэлтгэж байсан юм байна гэдгийг би ойлгодог. Учир нь би нисэх хүчинд байхдаа сүмд нэгдсэн юм. Цэргийн нисэх хүчинд өнгөрүүлсэн 13 жил намайг сурч, үйлчлэх боломжоор хангасан билээ. Тиймээс үйлчлэл нь миний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон юм. Би 1980 онд сүмд нэгдэх үедээ ямар ч арга замаар Бурханд үйлчлэхэд бэлтгэгдсэн байлаа. Бусдад үйлчлэхэд 2 өөр арга замаар хүрч тусалж болдгийг би сурч авсан. Нэг нь үүрэг даалгавраа биелүүлж байна хэмээн үзэж үйлчлэх, нөгөө нь даруухан мөн хайраар үйлчлэх явдал юм.

Хайраар үйлчлэх хамгийн агуу жишээг бидний Эзэн, Аврагч Есүс Христ үзүүлсэн юм. Тэрээр дэлхий дээр тохинуулах явцдаа тусламж хэрэгтэй хүмүүст хэрхэн үйлчлэх ёстойг үлгэр жишээгээрээ үзүүлсэн. Тэрээр өөрт нь хандсан хүмүүсийг сонсож, тэдэнд зөвлөгөө өгдөг байсан. Мөн Тэрээр ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олон, тэдэнд хүссэн адислалуудыг нь өгдөг байсан билээ. Дагалдагчидтайгаа хамт барьсан сүүлчийн зоог дээр Тэрээр “Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно” хэмээн хэлжээ.

Түүний жишээнээс суралцсанаар бид ч бас түүнтэй адил үйлдэж чадна. Нисэх хүчинд үйлчилсэн 13 жил маань үүрэг хариуцлагуудаа үр дүнтэйгээр гүйцэтгэх сахилга батыг надад төлөвшүүлсэн бол харин Есүс Христийн сургаал нь бусдад хэрхэн даруухан мөн хайраар үйлчлэхийг заасан билээ.

Амьдралынхаа туршид бусдад үйлчилсэн ээждээ би маш их талархдаг. Ээж маань гэр бүлээ идэх хоолтой, орох оронтой байлгах хүнд ачааг үүрч байхдаа надад ажиллаж хөдөлмөрлөх зарчмыг заасан юм. Тэрээр бусдын зараалаар ажиллах, гэр бүлүүдийн хувцсыг угаах зэрэг хүнд ажил хийж, мөнгө олдог байв. Би түүний хувцас угааснаас хатуурч эвэршсэн гарын алгыг болон бидний төлөө гэсэн хайрыг мэдэрдэг байлаа. Үр хүүхдүүдээ сургуульд сурч, бүрэн боловсрол эзэмших боломжтой байлгахын тулд ээж маань ажлын төлөө амиа золиослоход ч бэлэн байв. Аль нэг найзад нь тусламж хэрэг болох үед тэрээр үргэлж тусч гараар үйлчилдэг байлаа. Ээжийн минь гайхалтай үлгэр жишээ боломж гарах бүрд бусдад үйлчилж байх бат бөх суурийг надад тавьж өгсөн юм.

Бардамнал бол бусдад үйлчлэхэд маань бидэнд саад болдог бүдрэх чулуу юм. Хайраар үйлчлэх нь аливаа хүнээс өрөвч нинжин сэтгэлийг болон туслахын тулд ямар нэг үйлдэл хийхийг мөн үүнд бэлэн байхыг шаарддаг. Бошиглогч Иосеф Смит “бүх зүйлээ золиослохыг шаарддаггүй шашин хэзээ ч амьдрал болон авралд хүрэхэд шаардлагатай итгэлийг бий болгохуйц хүчтэй байдаггүй” 2 хэмээн хэлсэн байдаг.

Миний хамгийн бага хүү Брандон 19 нас хүрэхээсээ өмнө номлолынхоо өргөдлийг илгээсэн боловч илүүдэл жинтэйн улмаас түүний өргөдөл буцаагдсан юм. 20 килограмм жин хассаных нь дараа өргөдлийг нь дахин авч хэлэлцэх болно гэсэн мэдээг би түүнд дуулгах ёстой байсан бөгөөд үүнийг сонсоод тэрээр хэсэг хугацаанд цочролд орж байж билээ. Тэгээд би хүүгээсээ номлолд үйлчлэх хүсэлтэй хэвээр байгаа эсэхийг нь асуухад тэрээр хүсэлтэй байна гэв. Илүүдэл жингээ хасахын тулд жин хасах хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй гэж хэлээд би түүнийг чийрэгжүүлэх төвд бүртгүүлж мөн түүнд хувийн дасгалжуулагч олж өгсөн юм. Хэдхэн сарын дотор тэрээр номлолын үйлчлэл хийхэд зөвшөөрөгдсөн биеийн жинтэй болж чадсан билээ.

Сургаал ба Гэрээний 4-р хэсэгт гардгийн адил хүү маань өөрийгөө Бурханд үйлчлэхэд тохирохуйц болгохын тулд шаргуу хөдөлмөрлөж, золиослол гаргахад ч бэлэн байсан юм. “Тиймийн тул, Ай, Бурханы үйлчлэлийг эхэлж байгаа та нар эцсийн өдөр Бурханы өмнө буруугүй зогсож болохын тулд та нар бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа түүнд үйлчлэхээ мэдэгтүн. Тиймийн тул, хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой … Мөн итгэл, найдвар, энэрэл ба хайр мөн Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах нь түүнийг тэрхүү ажилд тохирохоор болгодог.” 3

Одоо ахлагч Чан Сингапур номлолд үйлчилж байгаа бөгөөд түүний захиаг би долоо хоног бүр байнга тэсэн ядан хүлээдэг. Бурханы хаант улсыг энд байгуулахаар эрэлхийлэх үедээ түүний өөрчлөгдөж байгааг би олж хардаг. Захиануудынхаа нэгэн дээр тэрээр “Миний номлолдоо сурсан хамгийн гайхалтай хичээл бол… хүмүүст болон Бурханд үйлчлэхээс илүү агуу хайр гэж байхгүй гэдгийг мэдсэн явдал юм. Би олон зүйлийг сурч эхэлж байна. … Номлогчийн ажлыг хийхээс ирэх баяр баясгаланг … мөн түүнчлэн зовлон зүдгүүрийг ч ойлгож эхэлж байна. …Одоо би Цагаатгалын талаар үнэхээр илүү ихийг мэдэж авсан бөгөөд үүнийг ашиглах нь ямар чухал болохыг ч ойлгож байна. Би Аврагчтайгаа мөр зэрэгцэн алхаж байгаадаа мөн түүгээр (төгс номлогчоор) удирдуулан, чиглүүлэгдэж байгаадаа талархаж байна” гэж гэрчлэлээ хуваалцсан байсан.

Бусдад хайраар үйлчлэхийн баяр баясгалан нь Есүс Христийн сургаалд итгэх итгэлийг болон гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг. Сүмийн олон төрлийн дуудлагад үйлчлэх боломжтой байсандаа би талархдаг ба тэдгээр нь намайг Их Эзэнтэй ойртуулж, даруухан үйлчлэгч болгосон билээ.

Бусдад үйлчлэх боломж бүрдээ бид бусдад үйлчлэх Аврагчийн замаар алхах онцгой эрх үүрэгтэй байдаг. Энэ дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад туслах дуудлагаа биелүүлэх орон зайг өөрсдийн зүрх сэтгэлд үргэлж байлгацгаая.

Тэнгэрлэг Эцэг амьд бөгөөд Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэсэн гэрчлэлээ би үлдээж байна. Тэнгэрлэг Эцэг биднийг агуу хайраар хайрладаг учраас нүглүүдийг минь цагаатгахын тулд Өөрийн Хүүгээ золиослоход бэлэн байсан юм. Есүс Христ энэ сүмийн тэргүүн нь бөгөөд ерөнхийлөгч Томас С. Монсон бол өнөөдрийн бидний амьд бошиглогч юм. Бурханы үг, Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Ном бидэнд байна. Түүний хаант улс дэлхийн өнцөг булан бүрд хүрэхээр урагшлах болно хэмээн би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.