Бурханы ургац

Бурханы ургац

Криста хэмээх нэгэн эмэгтэй үрийн жижигхэн компанид ажилладаг байжээ. Тэр ажилдаа дуртай байлаа. Түүний зарсан бяцхан үр болгон ямар нэгэн гайхалтай зүйл—лууван, байцаа эсвэл бүр хүчирхэг том царс мод болон хувирах чадвартай нь гайхшралыг нь маш их төрүүлдэг байжээ. Криста компьютерийнхаа ард суугаад захиалга аван, асуултуудад хариулах дуртай байв. Гэтэл нэгэн өдөр түүнийг сандаргасан нэг гомдол иржээ.

“Үрнүүд ургахгүй байна. Би хоёр сарын өмнө эдгээрийг худалдаж авсан, юу ч ургасангүй” хэмээн үйлчлүүлэгч хэлэв.

“Та тэднийг сайн хөрсөнд суулгаж, хангалттай усалж, нарны гэрэлд байлгасан уу?” гэж Криста асуулаа.

“Үгүй ээ, гэхдээ би хийх зүйлээ хийсэн. Би үр худалдаж авсан. Тэр үр чинь ургах нь баталгаатай биз дээ” хэмээн үйлчлүүлэгч хариулав.

“Гэхдээ та үрийг тариагүй гэж үү?”

“Мэдээж үгүй. Тэгвэл миний гар бохир болно шүү дээ.” Криста энэ талаар бодож, тарих зааврыг бичих хэрэгтэй юм байна гэж шийдэв. Тэрээр, хамгийн эхний заавар нь: “Та үрийг нахиалуулахын тулд тарих зааварчилгааг дагах ёстой. Та үрийг тавиур дээр тавьснаар ургана хэмээн найдаж болохгүй” гэж бичихээр шийджээ. Удалгүй түүнийг сандаргасан дараагийн гомдол гарлаа.

“Үрнүүд  жимсээ өгөхгүй байна” хэмээн нэгэн үйлчлүүлэгч гомдоллов.

Криста хариуд нь “Та үрээ сайн хөрсөнд суулгасан уу? Зохих хэмжээнд усалж, нарны гэрэлд байлгасан уу?” гэлээ.

“Тэгэлгүй яахав, би савлагаан дээр байсны дагуу бүгдийг хийсэн. Гэсэн ч ургасангүй” гэж үйлчлүүлэгч зүтгэв.

“Ер нь ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? Үр нахиалсан уу?”

“Юу ч болоогүй. Би заасны дагуу тарьсан. Оройн хоолондоо улаан лооль авах нь дээ гэж найдаж байлаа. Миний урам үнэхээр хугарч байна” хэмээн үйлчлүүлэгч хэллээ.

“Криста хариуд нь “Байзна даа! Та тэгэхээр үрээ өнөөдөр тарьсан гэх гээд байна уу?”

“Битгий инээдтэй зүйл ярь л даа. Би долоо хоногийн өмнө тарьсан. Би эхний өдөртөө л улаан лооль авна гэж найдсан юм биш. Би тэвчээртэй байсан. Чамд гэж хэлэхэд, энэ хугацаанд би маш их усалж, маш их хүлээсэн” хэмээн үйлчлүүлэгч хариулав.

Криста тэгэхэд өөр нэг заавар нэмэх хэрэгтэй юм байна гэдгээ мэдэв: “Эдгээр үр нь биологийн хуульд захирагдана. Хэрэв та үрээ өглөө нь суулгаад, долоо хоногийн дараа улаан лооль иднэ гэж найдаж байвал таны урам хугарах болно. Та тэвчээртэй байж, байгалийн бүтээл өөрөө бий болохыг хүлээх ёстой.”

Кристад өөр нэг гомдол ирэх хүртэл бүх зүйл сайхан байв.

Нэгэн үйлчлүүлэгч: “Би танай үрнүүдэд үнэхээр урам хугарч байна. Би савлагаан дээрх зөвлөмжийн дагуу тарьсан. Суулгасан үрээ усалж, наранд байлгаж, ургацаа өгтөл хүлээсэн” гэлээ.

“Та бүх зүйлийг зөв хийсэн бололтой” хэмээн Криста хэлэв.

Үйлчлүүлэгч: “Бүх зүйл дажгүй байлаа. Гэвч миний хураасан зүйл нь нарийн хулуу!” гэлээ.

“Миний бүртгэлээс харахад тэр чинь таны захиалсан үрнүүд байна шүү дээ” гэж Криста хэлэв.

“Гэхдээ би нарийн хулуу хүсээгүй; зүгээр л хулуу хүссэн шүү дээ!”

“Би ойлгосонгүй.”

“Би —өнгөрсөн жил хулуу тарьсан талбайдаа, яг тэр хөрсөнд үрээ суулгасан. Би үрээ ямар гайхалтай хулуунууд болон ургахыг нь хэлж, магтаж байлаа. Гэвч том, бөөрөнхий, улбар шар хулууны оронд урт ногоон хулуу гарч ирсэн. Бүр маш олноороо шүү!”

Криста тэгэхэд магадгүй, зөвхөн заавар нь хангалттай биш, харин үндэслэлийг нь бичих шаардлагатай байсныг мэдэв: “Таны үр, суулгац болон тариалалтын хугацаа, ялгаж тарих зэргээс ургац шалтгаалдаг.”

Ургацын хууль

Ургацын хууль

Төлөөлөгч Паул, Бурханы ургацын тухай заасан:

“Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Хүн юу тарина, түүнийгээ л хурааж авдаг.

“Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.

“Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна” (Галат 6:7–9).

Эдүгээ Их Эзэн бидэнд илүү мэргэн ухаан, гярхай байдал, энэхүү өөрчлөгдөшгүй хуулийг өгсөн:

“Энэ дэлхийн сууринаас өмнө, дээр нь бүх адислал тулгуурлагдсан хууль тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой—

“Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (С ба Г 130:20–21).

Бид юу тарьснаа хурааж авдаг. Бурханы ургац бол төсөөлшгүй алдар суутай билээ.

Өөрийг нь хүндэлдэг хүмүүст Түүний өгөөмөр адислалууд нь “шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр хормой дээр чинь асгарах болно. Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно” (Лук 6:38).

Газрын үрийг ургуулахтай адил тэнгэрийн олон адислалыг авахад ч бас хичээл зүтгэл, тэвчээр шаардана. Бид өөрсдийн шашныг тавиур дээр тавьчхаад сүнслэг адислал хурааж авна хэмээн найдаж болохгүй. Харин бид сайн мэдээний жишгүүдийг гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралд тарьж мөн арчлах юм бол, бидний хүүхдүүд өөрсдөд нь болон хойшдын үр удмынхандаа агуу үнэ цэнэ бүхий сүнсний үр жимсийг ургуулахуйц өсөх өндөр магадлал бий.

Бидний залбиралд Бурханы хариулт үргэлж шууд ирдэггүй —заримдаа бүр ирэхгүй мэт байдаг—гэвч Бурхан хүүхдүүддээ юу нь хамгийн сайн бэ гэдгийг мэддэг. Үнэхээр бид нэг л өдөр илүү тодорхой харах болно; тэгээд тэр өдөр бид тэнгэрийн сайхан сэтгэл, өгөөмөр занг таних болно. Тэр хүртэл бид ариун сайхан амьдралаар амьдрахын тулд Багш, Аврагчийнхаа жишээг дагах нь бидний зорилго мөн баяр баясал байх ёстой. Тэгснээр Бурханы үнэлшгүй адислалын амлагдсан, үнэт ургац биднийх байх болно.

Бид юу тарьснаа хурааж авдаг. Энэ бол тэнгэрийн хууль. Энэ нь Бурханы ургацын хууль юм.