Христийн мэндэлсэн баярын найрал дуутай онцгой цугларалт

Христийн мэндэлсэн баярын найрал дуутай онцгой цугларалт

Их Эзэн Есүс Христийн мэндэлсэн баярт зориулсан хөгжимт галын дэргэдэх ярилцлага буюу онцгой хөгжимт цугларалт 2013 оны 12 сарын 28, 29-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт сүмийн төв байранд болж өнгөрлөө.

Нийт 1,000 орчим гишүүд болон сонирхогчид цугласан бөгөөд уг газарт хөл гишгэх газаргүй болтлоо дүүрсэн юм. Монгол Улаанбаатар Баруун Гадас болон Монгол Улаанбаатар Зүүн Дүүргийн хамтарсан найрал дууны хамт олон Аврагч Есүс Христийн тухай дуунуудыг Англи, Монгол хэл дээр хоолойны гайхамшигийг мэдрүүлэн олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөн дуулсан нь тэнд цугласан хүн бүрт Христийн сүнсийг мэдрэх боломжийг олгосон нь лавтай.

Монгол Улсын гавъяат жүжигчин, Хожмын үеийн гэгээтнүүдийн сүмийн гишүүн А.Бүтэд уг найрал дууг бэлтгэн, удирдаачаар оролцсон бөгөөд бусад олон авъяаслаг сүмийн гишүүд хөгжмийн үзүүлбэрийг найрал дуутай хослуулсан юм. Хоолой салган, өнгө өнгөөр дуулах уг найрал дууны хамт олон нийт 70 гишүүнтэй байсан бөгөөд цугласан олонд найрал дууны хүчийг үнэхээр хоёр өдрийн турш мэдрүүлж чадлаа. Зөвхөн дуу дуулахын хажуугаар, Аврагч Христийн төрөлтийг өгүүлсэн өгүүллийг Ариун Библээс хөтлөгчид өгүүлж байсан нь Христэд итгэгч гишүүн бүрт Есүс Христийн мэндэлснийг дахин санаж, малын тэвшинд төрж, хурга мэт номхон дөлгөөнөөр амьдарч, Түүний хүн төрөлхтний төлөө хийсэн хязгааргүй цагаатгалыг санан дурсах боломжийг олгосон юм.

Аврагч Христийн мэндэлсэн баярыг дэлхийн даяар өргөн тэмдэглэдэг хамгийн том баяр. Арван хоёр сар бол үнэхээр онцгой сар. Энэ бол хайрын, бусдад тусладаг, гайхамшигийг сар. Айл бүр Аврагч Есүс Христийн төрөлтийн үед гарч байсан од, мөнхийн амьдралыг бэлгэдсэн ногоон гацуур, бидний төлөө асгаруулсан цусыг төлөөлсөн улаан өнгийн чимэглэл, бидний гэм нүглийн төлөөх цагаатгалыг төлөөлсөн цагаан саагаар чимсэн гацуур модыг жил бүр гэртээ тавьдаг нь олон хүнд баяр баясгалан авчирдаг билээ. 

Бүгдэд нь Аврагч Христийн мэндэлсний баярын мэнд буюу Chirstmas-ийн баяр мэндийг хүргэе! Merry Christmas!