Монголоос анх удаа Америкийн коллежийн волейболын багт тоглохоор боллоо

Монголоос анх удаа Америкийн коллежийн волейболын багт тоглохоор боллоо

NCAA буюу Америкийн Коллежийн спортын 2-р дивизионы эмэгтэйчүүдийн волейболын лигт Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийн “Seasider” баг гэж байдаг билээ. Энэхүү баг нь спортын 11 төрлөөр 24 удаагийн аварга болсон шилдэг багуудын нэг юм. Одоогоор “Seasider” Америкийн Баруун Бүсийн волейболын лигийн шилдэг 10 сургуулийн 5-т эрэмбэлэгдсэн байна.

Тэгвэл тус сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид суралцаж буй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн Амаржаргалын Баярсайхан хэмээх Монгол оюутан эмэгтэй Монголоос анх удаагаа тус багийн албан ёсны гишүүн болжээ. Түүний багтаа орсон талаарх мэдээлэл өөрийнх нь фэйсбүүк хуудас дээр гарснаас гадна сургуулийнх нь сайт дээр товч намтрын хамт орсон байна. Урьд нь уг сургуульд суралцаж байсан Монгол оюутнуудаас тус багт орохын тулд сагсан бөмбөгийн төрлөөр шалгуурт нь орж байсан ч тэнцэж байгаагүй юм. Харин А.Баярсайханы хувьд өөрийнх нь урьд нь Монголд тоглож байсан туршлага нь ихээхэн нөлөөлжээ.

А.Баярсайхан урьд нь Монголын залуучуудын шигшээ багт тоглож байсан бөгөөд Монгол Улсын их сургуульд суралцаж байсан. Арван жилд байхаасаа анх волейболоор хичээллэж эхэлсэн. Түүний гэр бүлийн хүн болох А.Мөнх-Од мөн тус сургуульд компьютерийн програм хангамжийн чиглэлээр суралцдаг юм.

Дашрамд дурдахад Майкрософтын хамгийн анхны монгол ажилтнууд Бригам Янгын Их сургуулиас төгссөн байдаг билээ.  Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн бусаддаа илүү өндөр зорилгын төлөө явахад урам өгч, үлгэр жишээ болж байгаа А.Баярсайхандаа сурлага, спортын өндөр амжилт хүсэе!